Хог хаягдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, экологид ул мөр багатай, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, эрчим хүчний хараат байдлаас ангижирч, ногоон эх үүсвэрээр хэрэглээгээ хангах. Ийм зорилго, зорилт, уриа лоозонтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар уншигчид сүүлийн үед цөөнгүй сонссон болов уу. Дэлхий нийтээрээ нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүрэхийг зорьж, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан үүнтэй холбоотой урт хугацааны бодлогын баримт бичиг (“Тогтвортой хөгжлийн зорилт-2030”)-ийг дагаж мөрдөн, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхээр чадлынхаа хэрээр мэрийж байгаа учраас улс орнууд ийм зорилготой төсөл, хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж буй юм.
Тэр дундаа байгаль, цаг уурын өөрчлөлтөд илүү эрчимтэй нэрвэгдэж буй, үйлдвэржилт, хүн амын төвлөрлөөс үүдэлтэйгээр экологид их хэмжээний дарамт учруулж байгаа орнуудад энэ чиглэлээр онцгой идэвх санаачилгатай ажиллах үүрэг, хариуцлага ногдсон.
Хүлэмжийн хийн ялгарлаар олон улсад эхний 10-т багтдаг, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд нэн хүчтэй өртөж буй орны хувьд Монгол онцгой өндөр үүрэг, хариуцлага хүлээх орнуудын тоонд зүй ёсоор багтдаг. Харамсалтай нь, манай улс энэ чиглэлээр оройлон ажиллах нь бүү хэл, төлөвлөсөн, зорьсноо биелүүлж чадахгүй, хойрго хандсаар байна. Үүнийг батлах ганц жишээ дурдахад, 2023 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, хог хаягдлаас эрчим хүч гаргах үйлдвэр хоосон мөрөөдөл, цаасан дээрх амлалт болж үлджээ.
ЭЗЭНГҮЙ АЖИЛ
Улаанбаатар хотод хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод тусгасан зорилтот ажил юм. Үүний дагуу төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулж, үйлдвэрийг 2023 онд багтаан ашиглалтад оруулах шийдвэрийг Засгийн газар 2021 онд гаргасан.
Тодруулбал, тухайн үед нийслэлийн Засаг дарга, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар болон Н.Тавинбэх нарт үүнийг даалгасан юм. Гэвч эл ажил өдгөө хөтөлбөр, бодлого нэртэй “цааснуудад” л төлөвлөгөө, зорилт болон үлдээд байна. Цаашид хэрэгжүүлэх, эсэх, ямар байгууллага хариуцаж байгаа нь ч тодорхойгүй. Төслийн судалгаа, тооцооллыг хийх үүрэг хүлээсэн нийслэлийн ЗДТГ, Эрчим хүчний яамныхан ч энэ асуудлыг өөрсдөөсөө холдуулж, чигтэй хариулт, тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Засгийн газрын шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулаад нэг хэсэг “явсан”. Холбогдох хууль, журамд оруулсан өөрчлөлтийн хүрээнд эл төслийн ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Эдийн засаг, хөгжлийн яам хариуцахаар болсон юм. Үйлдвэр барих нь тодорхой. Гэхдээ хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй. Ямартай ч концесс олгох шалгаруулалтыг яаравчлах чиглэлийг Засгийн газраас өгсөн” гэлээ. Харин энэ ажлыг хүлээж авсан гэх Эдийн засаг, хөгжлийн яамныхан төсөлтэйгөө ч бүрэн танилцаж амжаагүй бололтой. “Тодорхой мэдээлэлгүй байна” гэв.
ХАЯГДЛЫГ БАЯЛАГ БОЛГОХ ТЕХНОЛОГИ
Waste-to-energy (WTE) буюу хог шатааж, эрчим хүч гаргах технологи нь хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хаягдлаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг сааруулахад чухал үүрэгтэй. Ингээд зогсохгүй эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулдаг. Хаягдлыг баялаг болгож хувиргадаг гэж хэлж болно. Тиймээс байгалийн нөөцийг зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахыг зорьж буй дэлхийн хөгжингүй орнууд, тэр дундаа Ази, Европын улсууд ийм горимоор үйл ажиллагаа явуулдаг өндөр технологийн үйлдвэрийг олноор байгуулах болжээ. Өмнөд хөршид гэхэд ийм үйлдвэр 20 орчим бий гэнэ. Товчхондоо, энэ нь хогийг цельсийн 800-гаас дээш хэмд шатааж, гарсан дулааныг нь энерги болгон хувиргадаг технологи аж.
Улаанбаатар хотод жилд дунджаар 1.4 тонн хог хаягдал үүсдэг. Үүний 70 орчим хувийг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэж, дарж булшлах аргаар устгадаг бол үлдсэн нь хоёрдогч түүхий эд авдаг газруудаар дамжин дахивар боловсруулах үйлдвэр болон БНХАУ-д “очдог” гэсэн тооцоо бий. Хэрэв Засгийн газрын хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлж, үйлдвэр байгуулбал нийслэл 2024 оноос нийт хаягдлынхаа 31.8 хувийг ийм аргаар устгаж, төвлөрсөн цэгт хуримтлагддаг хогийн хэмжээг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж албаны хүмүүс танилцуулж байв. Тэрчлэн Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг нь эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах зорилт тавьсан юм. Харамсалтай нь, манай улс үйлдвэрээ ашиглалтад оруулах нь байтугай бүтээн байгуулалтын ажлыг нь ч эхлүүлж чадсангүй.
ТААЛАЛД НИЙЦДЭГГҮЙ САНАЛ
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах албан ёсны шийдвэрийг Засгийн газар 2021 онд гаргаснаас биш, энэ технологийг нутагшуулах асуудлыг 2010 оны үеэс ярьж эхэлсэн юм билээ. С.Батболдыг хотын дарга байхад буюу 2018 оны үед нийслэлийн холбогдох албан тушаалтнууд хог шатаадаг үйлдвэр байгуулах асуудлаар өмнөд хөршийн компаниудтай санал солилцож, гэрээ хэлцэлдээ тулж байсан ч судалгаа, тооцоолол хийх ажлын явцад замхарчихсан аж. Манай улсын хувийн хэвшлийн компаниуд ч энэ чиглэлээр хамтран ажиллах саналыг нийслэл болон байгаль орчин, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад удаа дараа тавьж, дэмжлэг хүсэж байж.
Тухайлбал, “Нааново грийн энержи Монголиа” компанийг үүсгэн байгуулагч, Япон, Америк зэрэг оронд суралцаж, туршлага судалсан нэгэн залуу хог боловсруулж, эрчим хүч гаргах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр хоёр жил орчмын хугацааанд хөөцөлдөөд улсаас дорвитой хариу, дэмжлэг авч чадаагүй гэнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны хавар БНХАУ-ын “Тианжин тида” хэмээх компани Монголд хог боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа БОАЖ-ын сайдад уламжилжээ. Сайд мөн л шийдтэй хариу өгөөгүй бөгөөд “Манай улсад ийм үйлдвэр байгуулах хэрэгцээ өндөр буй. Эдийн засгийн үр өгөөж, нөлөөллийг нь лавшруулан судалъя, бусад яамныхантай мэдээлэл солилцъё” гэсэн “бөөрөнхий” хариултаар тэднийг аргацаагаад буцаажээ. Монгол Улс хог шатааж, эрчим хүч гаргах өндөр технологийн үйлдвэр байгуулах ажилд хэр зэрэг хойрго хандсаар ирснийг эндээс харж болно.
АЧ ХОЛБОГДЛООР НЬ ЭРЭМБЭЛЬЕ
Экологи, эдийн засгийн нөхцөл байдал, эрчим хүчний хангамж, хүрэлцээ зэргээ харгалзвал манай улс ийм үйлдвэрийг хугацаа алдалгүй байгуулж, ашиглалтад оруулах шаардлагатай. Даанч бодит байдалдаа дүн шинжилгээ хийж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээ ач холбогдлоор эрэмбэлэн үнэлж, дэвшүүлсэн зорилт, баримталж буй бодлогодоо эзэн болж чаддаггүй нийтлэг алдаа дутагдлаасаа үүдэн энэ мэт чухал ажлаа гараанаас нь хөдөлгөж ч чадахгүй, замхруулаад байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын хүрээнд байгуулсан Парисын хэлэлцээр, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах “тоолуур” гүйсээр, дэлхийн орнууд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө чармайн зүтгэсээр. Харин монголчууд хог шатаах ганц үйлдвэрийг төлөвлөсөн хугацаандаа барьж, ашиглалтад оруулж чадахгүй мунгинасаар байна.
Өнгөрсөн оны сүүлчээр АНЭУ-д болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хуралд залуучуудыг төлөөлөн оролцсон судлаач үүнд ихээхэн гонсгор буйгаа илэрхийлээд, манай улсын зорилтот ажлуудын хэрэгжилт туйлын хангалтгүй байгааг хэлсэн юм. Харин сайд, дарга нар нь олон улсын хуралд оролцоод ирснээ бахархалтай нь аргагүй гайхуулан яриад өнгөрнө лээ.