Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайд нарт танилцуулав. Тус төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгалаа. Манай улсад өнгөрсөн сарын байдлаар цахилгаан тээврийн 1061 хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30 мянгад хүргэж, хэрэглээг нь нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Иймд Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц байршуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: У.наран