Дэлхий даяар ногоон эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл эрс нэмэгдэж, нөгөө талаас Чили, Перугийн уурхайн зэсийн нийлүүлэлт тасалдсанаас зэсийн үнэ өсөх прогнозыг шинжээчид гаргаж байна. 2025 он гэхэд тонн тутамдаа 15 мянган ам.долларт хүрэхээр тооцоолжээ.
2024 оны Монгол Улсын төсөвт нэг тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнийг дунджаар 7386.6 ам.доллар байхаар таамаглаж, нийт 2.75 их наяд төгрөгийг тус салбараас татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. Харин судалгааны байгууллагын тооцоолсны дагуу дэлхийн зах зээлд зэсийн ханш 75 хувиар нэмэгдвэл 2024 онд Монгол Улсын төсөв дэх зэсийн орлого эрс өсөх нөхцөл бүрдэнэ. Мөн 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 5 орчим их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Лондоны металлын биржид тонн зэсийн үнэ 8560 ам.доллараар үнэтэй байгаа юм.