Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжин “Mirage style” уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнөөдөр Чингис хаан үндэсний музейд дэлгэлээ. Монголоор бол “Зэрэглээ дүрст” хэмээх нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ. Зураач Ц.Мөнхжин зэрэглээ дүрст уран зургийн төрлийг нээж, бүтээлийн үзэсгэлэнгээ хоёронтоо дэлгэж буй нь энэ аж. Тодорхой хэлбэл, зэрэглээ дүрст эхний үзэсгэлэнгээ жилийн өмнө БНСУ-ын Сөүл хотноо олноо толилуулж байжээ. Түүнээс өмнөх уран бүтээлийн үзэсгэлэнгүүд нь эрэл хайгуулын шинжтэй байсан хэмээн тэрбээр үзэсгэлэнгийн нээлтийнхээ үеэр тодотгосон юм. Тав, зургаатайгаасаа бийр, будагтай “ханьссан” эрхэм зураач Монголоос гадна ОХУ, АНУ, Англи, Энэтхэг гээд олон оронд зургийн үзэсгэлэнгээ толилуулж байсан билээ.
“Mirage style” нэрийг уран зураг судлаач Artur Kukson өгсөн байна. Бүтээлийн үзэсгэлэнд ирсэн Английн судлаач тэрбээр зэрэглээ дүрст зургуудыг хараад “Oh Mirage style” гэж дуу алджээ. Үзэсгэлэнд 2023 оны дөрөвдүгээр сараас хойш туурвисан 30 бүтээл дэлгэсэн байна. Уран зургийн үзэсгэлэнд нэртэй зураачид, түүний ихэр дүү Ц.Энхжин, алдартнууд, төрөл төрөгсөд, 23 сургуульд 1Д ангид хамт элссэн 10 жилийн нөхөд нь гээд олон зочид ирж, эрхэм зураачийг цэцэгс, номоор “дарлаа”. УГЗ Ц.Мөнхжин энэ ондоо багтаан “Mirage style” уран бүтээлийн үзэсгэлэнгээ ОХУ-д дэлгэхээр төлөвлөжээ.
Түүний аав Ням-Осорын Цүлтэм (1923 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумд төрж, 2001 оны долдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт зураач юм. Харин ихэр дүү Ц.Энхжин нь мөн Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн зураач билээ.