Хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалтын сангийн багц журмуудыг өнгөрсөн онуудад шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн холбогдох журамд зохих өөрчлөлтийг оруулах, биржээр арилжаалдаг хөрөнгө оруулалтын сан буюу олон улсын хөрөнгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн хэрэгсэл болох Exchange traded fund-ийн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлага үүссэн байна.
Тиймээс “Хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг шинээр боловсруулж ТУЗ-ийн 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 48 тоот тогтоолоор баталсан. Тус журмыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 4 тоот тушаалаар батламжилж, мөн өдрөөс дагаж мөрдөхийг үүрэг болголоо.
Энэ төрлийн хөрөнгө оруулалтын сан нь арилжаа эрхлэх байгууллагын индексийн багцад багтдаг үнэт цаасны өгөөжийг хөрөнгө оруулагчдад өгөх зорилготой. Мөн мэргэжлийн оролцогчоор сонгогдсон брокеруудын оролцоотойгоор сангийн нэгж эрхийн зах зээлийн үнэ нь сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнэтэй хамгийн ойролцоо байх боломжийг хангаснаараа онцлог.
Түүнчлэн дүрмийн сангийн хэмжээнд хязгаар тавихгүй, нэгж эрхийг бөөн дүнгээр бүртгүүлж, эрэлтийн хэмжээгээр гаргана. Нэгж эрх эзэмшигчийн хүсэлтээр буцаан худалдан авах үүрэг хүлээх онцлог зохицуулалтыг тус журамд тусгасан.