Монгол Улсын гадаад худалдааны 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийн статистикийг гаргаснаа Гаалийн ерөнхий газар өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн жил манай улс 160 оронтой худалдаа хийж, бараа эргэлт 24.43 тэрбум ам.доллар болж, 2022 оны мөн үеийнхээс 3.19 тэрбумаар буюу 15 хувиар өсжээ. Экспортын дүн импортынхоос 5.93 тэрбум “ногоон”-оор давсан байна.
Дээрх хугацаанд 15.18 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь 2022 оныхоос 21.1 хувиар илүү гэсэн үг. Экспортолсон барааны 98.8 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.6 тэрбум “ногоон” буюу 24.7 хувиар, амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай түүхий эдийнх 134.5 саяар буюу гурав дахин нэмэгдсэн бол зарим барааных багассаныг дурдлаа. Урьдчилсан гүйцэтгэлээр эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувийг чулуун нүүрс, зэс, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн болон цайрын хүдэр, боловсруулаагүй нефть эзэлсэн аж.
2022 оныхтой харьцуулахад чулуун нүүрсний экспорт 35 сая тонн, үнийн дүн нь 2.28 тэрбум ам.доллароор өсөж, хилийн дундаж үнэ тонн нь 73.6 “ногоон”-оор багассан гэнэ. Эл бүтээгдэхүүний 99.3 хувийг БНХАУ-д нийлүүлжээ. Тэгвэл зэсийн баяжмалын нийлүүлэлт 71.5 мянган тонноор нэмэгдэн, үнийн дүн нь 109.5 сая, хилийн дундаж үнэ 160.1 ам.доллароор буурсан дүн гарчээ. Үүний 99.9 хувийг урд хөршид экспортолсон аж. Мөн боловсруулаагүй нефтийн экспорт 4.73 сая баррель буюу 364.7 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оныхоосоо 2.12 сая баррель, үнийн дүн 22.9 сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
Экспортын барааг бүтцээр нь харвал дийлэнх буюу 57.7 хувийг нь чулуун нүүрс (8.76 тэрбум ам.доллар), 17.3-ыг нь зэсийн хүдэр, баяжмал (2.62), 4.9-ийг нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт (738 сая), 2.9-ийг нь төмрийн хүдэр, баяжмал (444.8), 2.4-ийг нь боловсруулаагүй нефть (364.7), 1.8-ыг нь хээрийн болон хайлуур жонш (272.4), 1.7-г нь ямааны угаасан ноолуур (263.1), 1.4-ийг нь цайрын хүдэр, баяжмал (220), 0.8 хувийг нь адууны мах (125.4) эзэлжээ. Манай улс 81 оронд бараа нийлүүлснээс БНХАУ-д 91.2, Швейцарт 4.4, БНСУ-д нэг хувь нь ногдов.
Ташрамд дурдахад, Монгол Улс өнгөрсөн онд 69.6 сая тонн нүүрс экспортолсон дүн гарсан хэмээн Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос өчигдөр мэдээллээ. Энэ нь түүхэн дээд түвшин юм. Нүүрсний 92 хувийг авто зам, үлдсэнийг нь төмөр замын боомтоор экспортолжээ. Тодруулбал, Гашуунсухайтын авто замын боомтоор 36.5, Шивээхүрэнгийнхээр 19, Хангийнхаар таван сая тонныг нийлүүлсэн аж. Цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхтой харьцуулахад экспорт 80 хувиар өссөн хэмээн мөн дурдлаа.
Манай улс өнгөрсөн жил 9.25 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолсон нь 2022 оныхоос 548.1 саяар буюу 6.3 хувиар нэмэгдсэн дүн . Үүнд эрдэс бүтээгдэхүүн, машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, хуванцар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт өссөн нь голлон нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүний импортын 23.1 хувийг нефть эзэлсэн байна. Уг бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 469.5 мянган тонн, үнийн дүн нь 145.1 сая ам.доллароор өссөн аж. Тухайлбал, дизелийн түлшний импорт 364.9 мянган тонноор нэмэгджээ. 159 орноос бараа импортолсноос өмнөд хөршид 40.5, ОХУ-д 28.8, Японд 7.7, БНСУ-д 4.5, АНУ-д гурав, ХБНГУ-д 2.3 хувь нь ногдсон байна.