БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Булган аймгийн ЗДТГ болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй. Энэ оны 1-4 дүгээр сард хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд Булган аймагт аялсан солонгос жуулчин бүрд нэг хонь зүслэн өгч, бэлэглэхээр зэхсэнээ санаачлагчид нь мэдээлсэн юм. Тэгвэл энэ нь жуулчдад хонь жинхэнээсээ өгөх бус, өгч байгаа мэт ойлгуулж, хуурах заль мэх төдий бодлого байжээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийн талаар мэдээлэхдээ “Жуулчинд бэлэглэх хонь малчны хотонд үлдэнэ” хэмээн хэлсэн нь үүний баталгаа болов. Халуун хошуут мал “гардсан” гадаадын иргэд хонио суурин дээр нь төхөөрч, эсвэл агаарын хөлгөөр авч явахыг урьтал болгохгүй нь тодорхой. Гэхдээ төхөөрье, аваад явъя гэх хүн гарахыг үгүйсгэхгүй. Тэгвэл БОАЖ-ын сайд тэргүүтэй албаны хүмүүс жуулчин хонио малчны хотонд үлдээх нь гарцаагүй хэмээн тооцоолж, молиго үмхүүлэх бодлого, төлөвлөгөө боловсруулсан нь энэ аж.
Өөрийн орны онцлогт тулгуурласан, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой гэх эл санаачилгыг сайд болон түүнтэй гар нийлэн ажиллагсад чухам юу гэж тайлбарлаж, танилцуулан Засгийн газраар батлуулсныг мэдэхгүй юм. Ямартай ч аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, судлаач, мэргэжилтнүүд ийм аргаар жуулчдыг хэзээ ч татахгүй хэмээн дуу нэгтэйгээр шүүмжилж эхэллээ. Зарим нь “Морь, мал амлачхаад мурьдаг монгол заншлыг гадаадын иргэд ойлгох болов уу” хэмээн ёжтой нь аргагүй асууж байна. “Нэр хүнд нь дориун сэргэж байсан аялал жуулчлалын салбарыг сайд нь шороотой хутгалаа”, “Улсаараа нийлж, гадаадын иргэдийг хуурч болох уу” гэж унтууцах хүн ч цөөнгүй. Улсынхаа түүх соёл, ахуй амьдралын онцлогт тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага мэдээж бий. Гэхдээ ийм аргаар биш шүү, аялал жуулчлалын бодлого, шийдвэр гаргагчид аа.