Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар дизелийн түлшний 75, АИ-92 шатахууны 30 мянган тоннын нөөцтэй байсныг АМГТГ-аас мэдээлэв. Мөн хойд хөршийн үйлдвэрээс 14 340 тонн АИ-92 бензин ачсан бөгөөд нутаг дэвсгэр дээр нь тээвэрлэж буй гэнэ. Түүнчлэн манай улсын нутаг дэвсгэр дээр 163 вагон АИ-92 тээвэрлэж байгааг дурдлаа. Үүнээс гадна ОХУ-аас 30 060, өмнөд хөршөөс 2520 тонн дизель түлш тээвэрлэн авчирч байгаа төдийгүй Монголын нутаг дэвсгэр дээр 2840 тонныг зөөж буйг мэдээлээд, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн гэв.
Ташрамд дурдахад, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн онд манай улс сард 90-100 мянган тонн дизелийн түлш хэрэглэсэн аж. 2022 онд эл дүн 80-85 мянган тонн байсан гэлээ. Мөн өмнөх онд АИ-92 бензиний хэрэглээ сард 60 мянган тоннд хүрсэн нь 10 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм байна. 2023 онд 2.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон бөгөөд өмнөх жил нь уг үзүүлэлт 1.9 сая орчим байжээ.
Бэлтгэсэн: Б.Сонор