“Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 50 мегаватт /МВт/-аар өргөтгөх төслийн барилга угсралт 90 гаруй хувьтай байна. Үлдсэн ажлыг 2024 оны I улиралд багтаан дуусгаж, сүлжээнд залгахаар төлөвлөгөө гарагжээ. Тус өргөтгөлийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “TBEA” ХХК гүйцэтгэж байгаа юм. Төслийн талбайд өнөөдрийн байдлаар нийт 300 орчим Монгол, Хятад, Вьетнам ажилтан уртасгасан цагаар ажиллаж байна.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Монгол Улсын зүүн бүс нутагт өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжиж байна. Төсөл хэрэгжсэнээр уул уурхай, ашигт малтмал, аж үйлдвэрлэл болон орон нутгийн хөгжилд өндөр ахиц гарна. Төсөл хэрэгжих хугацаанд цар тахал удаан хугацаанд үргэлжилсэн ч ажил зогсолгүй үргэлжилж, гэрээний хугацаанд сүлжээнд залгахаар ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ.
Өргөтгөл ашиглалтад орсноор 100 орчим байнгын ажлын байр нэмэгдэнэ. Мөн төсөл хэрэгжих хугацаанд инженер техникийн ажилчдыг давхар бэлдэх, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг хүний нөөцийн чиглэлд давхар анхаарч байна.