Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга П.Солонго нар нэгдүгээр сарын 5-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд тээвэр логистикийн үйл ажиллагааг хөгжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал,
- Тяньжин-Эрээн-Замын-Үүд чиглэлд Монгол Улсын импортын ачаатай галт тэрэг аялуулах тоо хуваарийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хот дахь ачааны терминалуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан импортын ачаатай чингэлгийн тоог хэвийн хэмжээнд хүргэх,
- ”Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлэх “Монгол, Хятадын олон улсын логистик бүс” ХХК-тай Монгол Улсын импортын ачааг Тяньжин боомтоор дамжуулан тээвэрлэх,
- Жинжоу боомттой тээвэр логистикийн чиглэлээр хамтран ажиллах,
- Монгол Улсын импортын ачааг Лянь Юнган боомтоор дамжуулан тээвэрлэх галт тэрэгний тоог нэмэгдүүлэх,
- БНХАУ-ын далайн боомтуудаар дамжин тээвэрлэгдэх Монгол Улсын импортын ачааны тарифын судалгаа хийж, үнэ бууруулах,
- Хил дамнасан тээврийн бүртгэл мэдээллийг цахимжуулах,
- Хуурай боомт болон бусад логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.