Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын /НӨАТ/ 2023 оны IV улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас тодотгож байна. Тодруулбал 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа “ebarimt” системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой.
2023 оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг 2024 оны нэгдүгээр сард багтаан олгох юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын зургадугаар зүйлд Албан татвар буцаан олгох тухай заасан байдаг. Үүнд, Татварын алба нь тухайн улирлын буцаан олголтын дүнг дараа улирлын эхний сарын 10-ны дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг энэ журмын 4.1.1, 4.1.2, 4.1.5-д заасантай нийцэж байгаа эсэхийг хянаж, тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олгох татварын хэмжээний саналыг ажлын 7 өдөрт багтаан хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын 2 өдөрт багтаан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр ирүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татварыг буцаан олголтыг Төрийн сангийн тусгай дансаар дамжуулан гүйцэтгэж болно. Төрийн сангийн газар санхүүжилтийг Төрийн сан дахь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд ажлын 20 хоногийн дотор санхүүжүүлнэ. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтыг Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан хүлээн авагчийн дансанд шилжүүлэх процессыг тусгаж өгсөн байна.