Тяньжин боомтод их хэмжээгээр хуримтлагдаад байсан Монгол Улсын импортын ачааны чингэлгүүдийн татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай 2023 оны арванхоёрдугаар сараас хамтран ажиллаж эхэлсэн.
Өнгөрөгч сарын 1-нд тус боомтод нийт 4600 орчим чингэлэг хуримтлагдаад байсан бол Улаанбаатар хотын терминалуудыг нэгдсэн үнийн тарифаар тогтоож, уртасгасан цагаар, түр технологи хэрэгжүүлж, шуурхай ажилласны үр дүнд 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар 2700 болтол буурчээ. Дээрх хугацаанд нийт 4264 чингэлэг Монгол руу ирсэн байна. Харин 2024 он гарсаар 3 өдрийн хугацаанд 600 чингэлэг иржээ.
Улаанбаатар хотод нийт 11 гаалийн хяналтын бүс бий. Эдгээр бүсүүд 3500 чингэлэг нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Гэвч Тяньжин боомтоос татан авсан нийт чингэлэг Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсийн хүчин чадлыг давж, хүндрэл учруулж эхэллээ. Гаалийн хяналтын бүсэд ирж байгаа импортын барааны 60 хувийг хуучин машин эзэлдэг юм.
Тиймээс Монголд ирсэн импортын чингэлгүүдийг зохион байгуулах талбай дүүрсэн учраас иргэд, аж ахуйн нэгжүүд ачаа бараагаа шуурхай авах шаардлагатай байна. Мөн хоосон чингэлгийн бичиг баримтаа урьдчилж бэлэн болгох тал дээр терминалууд холбоотой хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллах бэлэн байдлыг хангажээ.