Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудыг бүртгэх, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тогтоох ажлыг зохион байгуулсан талаараа мэдээлэв. Одоогоор манай улсад мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 452 газар бий гэнэ. Үүний 351 нь аж ахуйн нэгж, байгууллага, 25 нь нөхөрлөл, 76 нь хувь иргэн аж. Эдгээр нь 21 овог, 52 төрөлд хамаарах 124 зүйлийн 62.9 сая тарьц, суулгацын нөөц бойжуулж байгааг тооллогоор тогтоожээ. Энэ нь өмнөх жилийнхээс тав дахин өссөн үзүүлэлт юм байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд жилд дунджаар 150-180 сая тарьц, суулгац нийлүүлэх шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд танилцуулж байв. Үүнд хүрэхийн тулд одоогийн нөөцийг 2.5-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай аж.