“Монголын хөрөнгийн бирж” (МХБ) ХК-ийн Топ-20 индекс өнгөрсөн сарын 26-нд 40 000 нэгж давсныг бид мэдээлсэн. Тэгвэл өмнөх жилийн арилжааны сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 28-нд дээрх индекс 1.66 хувиар дээшилж, 41 437 нэгжид хүрчээ. Энэ нь 2023 оны хамгийн дээд үзүүлэлт болов. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшнээ шинэчлэн 11 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 20.8 хувьтай тэнцжээ. Үүнээс гадна МХБ-ийн 2023 оны нийт арилжааны дүн түүхэн дээд түвшин буюу 8.3 их наяд төгрөгт хүрлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа өнгөрсөн онд 2.4 тэрбум ам.долларт хүрсэн дүн гарсан аж. Сонирхуулахад, МХБ-ээр өнгөрсөн сарын 21-ний байдлаар 12.8 сая тонн нүүрс худалдсан нь нийт борлуулалтын 20 хувь болсныг УУХҮЯ-наас мэдээллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны сүүлийн хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн (брокер) үйлчилгээний төлбөр, хураамжийн дээд хэмжээг тогтоосон байна. Тодруулбал, брокерын спот, форвард гэрээний арилжаанаас авах үйлчилгээний төлбөр, хураамжийн дээд хязгаарыг худалдан авагч талаас 0.5 хувь, худалдагч талаас нэг багц тутамд 200 000 төгрөгөөс ихгүй байхаар тогтоожээ. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээлд шимтгэлийг өндрөөр тогтоох буюу хэт ялгавартай байдал үүсэхээс сэргийлэх, арилжааг шударга явуулах нөхцөл бүрдүүлэх зорилготой аж.
Ташрамд дурдахад, МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв. Тэрбээр эл албан тушаалыг 2016-2023 онд хашсан юм. Тэгвэл МХБ-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх зарчмын дагуу өчигдөр Төлөөлөн удирдах зөвлөлөөс нь гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Цогтбаярыг томилжээ. Тэрбээр өнгөрсөн онд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм.