“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Топ-20 индекс өмнөх өдрөөсөө 0.28 хувиар дээшилснээр өчигдөр 40 035 нэгжид хүрлээ. Эл индекс энэ сарын 21-нд 38 848 нэгж байснаас хойш тасралтгүй өсөж дээрх дүнд хүрсэн юм. Топ-20 индекс нэг жилийн өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 26-нд 36 485 нэгж байв. Тэгвэл 2023 оны эхэнд буюу нэгдүгээр сарын 2-нд 37 315 нэгж байсантай харьцуулахад өдгөө 7.3 хувиар дээшлээд буй нь энэ. Ташрамд дурдахад, МХБ-ийн Үнэт цаасны үнийн индекс тооцоолох журмын дагуу бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтээр үнэлж, Топ-20 индексийн багцыг бүрдүүлдэг бөгөөд жил бүр шинэчилдэг билээ. Одоогоор уг индексийн багцад АПУ, “Голомт банк”, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”, “Говь” зэрэг 20 компани багтаж буй. Сонирхуулахад, 2021 оны есдүгээр сарын 10-нд дээрх индекс 49 252 нэгжид хүрсэн нь түүхэн дээд түвшин юм.
Бэлтгэсэн: Б.Сонор