-Та сайхан өвөлжиж байна уу?
-Өвлийг өнтэй давчих гээд чадлаараа “махийж” байна.
-Өмнөговь аймагт өвөлжилт ямар байна вэ?
-Хүнд. Цас ихтэй, мал идэх өвсгүй хэцүүхэн байна. Онцгой байдлын байгууллагынхан саяхан манай хавиар ирээд явсан. Цас нэмж орвол улам хүндрэхээр байна гэсэн. Малчдад өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгоно, мал, мах борлуулахад тус нэмэр болно гэцгээж байна лээ.
-Та цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч чадаж байна уу?
-Чаддаггүй ээ. Хэдэн малаа нааш цааш болгож байтал өдөр өнгөрчхөж байна. Тухтайхан суугаад цайлах ч зав алга. Цаг агаар хэцүүднэ, цас, шороогоор шуурна гэсэн мэдээг сум (Цогтцэцийгээс)-аас хүүхдүүд л голдуу дуулгадаг юм.
-Зурагт, радиогоор мэдээлэл авах боломжтой юу?
-Радио байхгүй. Зурагттай ч нарны зайгаар ажиллуулдаг учраас асаах нь ховор. Утсаа цэнэглэж, гэрлээ асаахыг л бодно. Өвөл нарны элч буурчихдаг учраас цэнэгтээ их харам болчихдог.
-Танайх үүрэн холбооны сүлжээтэй газар байдаг нь сайн хэрэг. Яаралтай үед холбоо барихад асуудалгүй юу?
-Гайгүй ээ. Сүлжээ нь зарим газарт тасалддаг. Сайн “барьдаг” цэгүүдийг нь мэднэ.
-Малчид багийнхаа бүсчлэлийн кодыг тусгай дугаарт илгээж, цаг агаар, бэлчээрийн мэдээллийг хүлээн авах боломжтой болсныг мэдсэн үү?
-Одоо л дуулж байна. Тийм нарийн ширийн юм мэдэхгүй, хүн рүү залгахаас өөрөөр утсаа олигтой ашиглаж чаддаггүй. Манай гэрийн хүнд хэлээд, заагаад өгчихвөл надаас илүү ашиглах байх.
Онцгой байдлын болон цаг уурын байгууллагууд цаг агаар, өвөлжилтийн нөхцөл байдал, байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг боломжит сувгуудаараа түгээхээс гадна үүнийг хэрхэн авах арга, туршлагыг малчидтай хуваалцах шаардлагатай байна. Тухайлбал, 130-105 тусгай дугаарын утсанд багийнхаа бүсчлэлийн кодыг илгээж, мэдээлэл хүлээн авдаг “онцгой” үйлчилгээг малчдын зарим нь одоо хэр нь мэддэггүй аж. Тэгэхээр “Бид ийм ажил хийлээ” гэж олон нийтэд сурталчлахаас илүүтэй тухайн үйлчилгээгээ зорилтот бүлэгтээ хүргэхэд анхаарах нь илүү ач холбогдолтой.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчин Х.Батгэрэл цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь авч чаддаггүйгээ ийнхүү ярилаа. Харин тус аймгийн Онцгой байдлын газраас өвөлжилтийн нөхцөл байдал хүнд буйтай холбогдуулан цаг агаар, байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг малчдад олон сувгаар тогтмол хүргэн ажиллаж буй гэх. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Дэнзэн “Болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлэх зорилгоор суурин болон отроор өвөлжиж байгаа бүх малчин өрхийн судалгааг гаргасан.
Үүндээ үндэслэн өвөлжилт, цаг агаарын мэдээг нийгмийн сүлжээгээр, багц мессеж хэлбэрээр түгээж байна. Аюулт үзэгдэл, гамшиг боллоо гэхэд малчдад сэрэмжлүүлэг мэдээллийг нэгдсэн журмаар хүргэх багц мессеж үйлчилгээг ашиглах боломжтой. Гар утасгүй, нийгмийн сүлжээнд нэвтрэх боломжгүйд нь зурагт, хүлээн авагчаа тогтмол ашиглахыг зөвлөж байгаа. Харилцаа холбоо тогтоох аргагүй, төв суурингаас хэт алслагдмал айлуудыг бүгдийг нь бүртгэсэн. Хэнийх, хаана өвөлжиж байгааг аймаг, сумын онцгой комиссынхон сайн мэднэ. Отор нүүдлээр явж буй өрхүүд л мэдээлэл хүлээж авах боломж тааруу байдаг” гэв. Түүнчлэн суурин газраас зайтай, төв зам дагуух хэсгүүдэд яаралтай үед холбогдох утасны дугаар бүхий самбарууд байршуулж эхэлснийг ч дурдав.
Х.Батгэрэлийнх Тавантолгойн уурхайгаас холгүй, харьцангуй олны хөлийн, төвийн гэж хэлж болохуйц газарт өвөлжиж байгаа юм. Орон нутгийн онцгой байдлын байгууллагынхны үзэж буйгаар бол энэ айл байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах боломжтой, мэдээлэлд ойр бүсэд харьяалагдаж байна. Харамсалтай нь, тэд цаг завгүй, техник, технологийн мэдлэггүйгээсээ болоод хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь, тогтмол хүлээж авч чаддаггүй гэв. Үүнтэй ижил бас нэг жишээг дурдъя.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын малчин Э.Энхбалжир “Манайх сумын төвөөс 20 орчим км-ийн зайд өвөлждөг. Өвөлжөө нам дор газарт байрладаг учраас сүлжээ их тасалдана, интернэт рүү нэвтрэхээр маш удаан. Яаралтай хэрэг гарахаар гэрийнхээ ойролцоох уулан дээрээс утсаар ярьдаг. Ямар ч байсан хэл залгуулаад болоод байна. Бага хүү минь энэ жил нэгдүгээр ангид элссэн учир хүүхдүүдтэйгээ өмнөхөөсөө илүү их ярьдаг болсон. Цаг агаарын мэдээ байнга авч чаддаггүй. Утсанд заримдаа мессеж ирж л байдаг юм. Сумтай ойр учраас хүүхдүүдээ эргэхээр долоо хоногтоо нэг удаа төв ордог. Тэгэхдээ л хавь ойрын сонин сайхан, өвөлжилт, цаг агаарын мэдээ сонсдог” гэсэн юм.
Э.Энхбалжир бол залуу, харин Х.Батгэрэл ахимаг насны малчдын төлөөлөл. Тэд аль аль нь үүрэн холбооны сүлжээтэй, төв суурин газартай ойр амьдардаг. Заавал суурин газар бараадалгүй, хэн нэгний амыг харалгүй цаг агаарын мэдээллийг хүлээж авах боломжтой гэсэн үг. Гэвч тэд хүүхдүүдтэйгээ ярих зорилгоор л гар утсаа ашиглаж байна. Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэлтэй холбоотой мэдээллийг шуурхай хүлээж авах боломж нь тэр хэрээр хязгаарлагдмал аж. ОБЕГ, “Мерси кор” олон улсын байгууллага “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд дөрвөн жилийн өмнө нэвтрүүлсэн, одоо ч танилцуулсаар буй 130-105 тусгай дугаарын утаснаас цаг агаарын мэдээлэл хүлээн авах үйлчилгээний талаар ч тэд мэдэхгүй байв. Эндээс өнөө цагийн малчдын нийтлэг дүр байдал, алдаа дутагдал тод харагдана.
Гэрэлгүй, цахилгаангүй, лааны гэрэл, радиогийн мэдээнд хамаг бүхнээ “даатгадаг” хуучны цагт байсан бол мэдээллийн хүртээмжийн асуудал ярихад учир дутагдалтай. Харин харилцаа холбооны салбар өндөр түвшинд хөгжсөн, тэр хэрээр мэдээлэл хүлээж авах суваг, сүлжээ сонголттой болсон өнөө цагт үүнийг арай өөр түвшинд авч үзэх учиртай. Сүлжээгүй, төв суурингаас хол, зэлүүд газарт нутагладаг малчин өрхүүд мэдээж бий. Гэхдээ зурагттай, гэрэлтэй, үүрэн холбооны аль нэг сүлжээ барьдаг (ДДЭШ-ийн үйлчилгээ, “Жи-Мобайл”-ын сүлжээ ашигладаг нь түгээмэл) газарт байдаг нь үүнээс олон. Цаг агаарын мэдээллийг баталгаатай эх сурвалжаас тогтмол хүлээн авдаг хашир малчид ч байгаа. Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн малчин Н.Гантулга гэхэд орон нутгийнхаа цаг уур, онцгой байдлын байгууллагын цахим хуудаснаас энэ чиглэлийн мэдээ, мэдээллийг байнга хүлээж авдгаа сонирхуулан ярив. Гэтэл утастай, зурагттай хэрнээ шаардлагатай, амин чухал мэдээллээ хүлээж авахад цаг зарцуулдаггүй тоомжиргүй, хайнга гэмээр малчин түүнээс олон.
Монгол орны нийт нутгаар өнгөрсөн сарын эхээр их хэмжээний цас орж, хүчтэй шуурга дэгдэн, цаг агаарын аюулт үзэгдэл болсныг уншигчид санаж буй. Энэ үеэр 10 гаруй малчин амиа алдсаны найм нь Төв аймгийн Лүн, Эрдэнэсантынх байсан юм. Малын хорогдлын тоогоороо ч эдгээр сум дээгүүрт бичигдсэн. Тухайн бүс нутгийн малчид үлэмж ихээр хохирсон шалтгааныг онцгой байдлын байгууллагынхан хожим мэдээлэхдээ өвөлжөө рүүгээ нүүж амжаагүйтэй нь холбож тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, айлууд намаржаанаасаа нүүгээгүй байхдаа байгалийн хүнд сорилттой нүүр тулжээ.
Арваннэгдүгээр сар бол өвлийн эхэн сар. Энэ үед малчид өвөлжих газартаа хэдийн төвхнөчихсөн, хүйтнийг аюул, эрсдэлгүй давах бэлтгэлээ базааж байх учиртай. Гэвч малчид намрын налгар өдрүүдэд хууртан хоргодсоор сэрэмж алдчихаж. Мөн огцом хүйтэрч, их хэмжээний цас орж болзошгүй гэсэн анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээг цаг тухайд нь авч, урьдчилан сэргийлж чадаагүйгээс ийнхүү хохирчээ. Төв аймаг харилцаа холбоо, дэд бүтцийн хангамж харьцангуй сайтайд тооцогддог. Нийслэлтэй залгаа, төвийн бүсэд байрладаг нь үүнд нөлөөлдөг. Гэвч тус аймгийн иргэд, малчид байгалийн гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас сүүлийн жилүүдэд үлэмж ихээр хохирсоор байгаа нь нэг талаараа урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авдаггүйтэй, нөгөөтээгүүр, мэдээллийн хүртээмж муу байдагтай холбоотой.
Онцгой байдлын болон цаг уурын байгууллагууд цаг агаар, өвөлжилтийн нөхцөл байдал, байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг боломжит сувгуудаараа түгээхээс гадна үүнийг хэрхэн авах арга, туршлагыг малчидтай хуваалцах шаардлагатай байна. Тухайлбал, 130-105 тусгай дугаарын утсанд багийнхаа бүсчлэлийн кодыг илгээж, мэдээлэл хүлээн авдаг “онцгой” үйлчилгээг малчдын зарим нь одоо хэр нь мэддэггүй аж. Тэгэхээр “Бид ийм ажил хийлээ” гэж олон нийтэд сурталчлахаас илүүтэй тухайн үйлчилгээгээ зорилтот бүлэгтээ хүргэхэд анхаарах нь илүү ач холбогдолтой.
Цаг уурын байгууллагаас хамгийн сүүлд буюу энэ сарын 20-нд гаргасан үнэлгээнээс харахад манай орны нийт газар нутгийн 90 орчим хувьд зудын эрсдэл их байна. Зудтай, зутруу цагт малчид малаа өвс, устай газар бараадуулахаар ийш тийш нүүдэллэдэг. Үүнийг дагаад харилцаа холбоо тогтоох боломж хумигдаж байдаг. Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилладаг байгууллагынхан яг энэ цаг үед сэрэмжлүүлэг мэдээллийг малчдад хүртээмжтэй түгээхэд, тэдэнд ямар боломж буйг сурталчлан таниулахад онцгой анхаарах шаардлагатай байна.