Улаанбаатарт энэ сарын 9-нөөс эхлэн шатахуун түгээх станцуудын (ШТС) гадаа урт дараалал үүссэн. Үүнээс хойш 20 орчим хоног өнгөрсөн ч эл асуудлыг бүрэн шийдэж чадсангүй. Өдгөө “Магнай трейд”, “Петровис, “Шунхлай” компанийн зарим ШТС шатахуун зарахаа бүр больжээ. Салбарын сайд нь ч хэрхэн шийдэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй, удахгүй хэвийн болно, цаг наргүй ажиллаж байгаа хэмээн ялархсан тайлбар өгөөд буй юм.
Нэгэн жолооч “Манай гэрийн ойролцоох буюу Баянзүрх дүүргийн V хороон дахь “Сод Монгол”-ын ШТС-д бензин зарахгүй байгаа. Орох, гарах хоёр талд нь хаалт тавьчихсан. Өнгөрсөн ням гарагт нэг жолоочид шатахуун өгч байхаар нь ард нь дөрөв, таван хүн дугаарлахад “Манайх бензин зарахгүй” гэсэн. Тэгсэн атлаа цагдаагийн автомашин ирэхэд шатахуун өгсөн. Ийм шударга бус байж болохгүй” гэж ярилаа. Түүнчлэн нийслэлээс баруун тийш зорчих зам дахь буюу Сонгинохайрхан дүүрэг дэх “Магнай трейд”-ийн ШТС-д өдөрт тус бүр нь ердөө дөрвөн тонн дизелийн түлш, АИ- 92 шатахуун өгч байгаа гэнэ.
Энэ талаар АМГТГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Шатахууныг хангалттай хэмжээгээр татан авсан. Иргэдэд хязгаарлалтгүйгээр өгч байгаа” гэв. Импортоор хэдий хэмжээний шатахуун татан авч буй талаар тус газрын Газрын тосны бодлогын хэлтсийнхнээс нь лавлах гэсэн боловч мэдээлэл авч чадсангүй. Хэдийгээр УУХҮЯ, АМГТГ- ынхан “ОХУ, БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн хэвийн импортолж байгаа” гэж мэдээлж буй ч бодит байдал дээр юу ч өөрчлөгдсөнгүй, иргэд ШТС-уудын гадаа “уяа”-тай хэвээр л байна.