Өнгөрсөн зун хэд хэдэн удаа үерлэсэн Сэлбэ гол дүн өвлийн хүйтэнд ч эргээ давахад бэлэн байна. Энэ голын усны түвшин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эрс нэмэгдэн, Дарь-Эхээс эхлэн Арслантай гүүр хүртэлх хэсэг нь даландаа тулж, халихад бэлэн болжээ. Үүнтэй холбоотойгоор иргэд “Зарим аж ахуйн нэгж, байгууллага Сэлбэ голд бохироо цутгаад байна” хэмээн холбогдох байгууллагуудад нь гомдол гаргасан гэнэ. Нийгмийн сүлжээнд ч зарим хүн ийм агуулгатай зүйлс бичсэн байв. Туул голын сав газрын захиргааныхан иргэдийн гомдол, мэдээллийн дагуу нөхцөл байдлыг шалгажээ.
“Сэлбэ голд зузаан мөсөн хучаас үүссэн. Энэ нь өнгөрсөн зуны хур бороо их орсонтой холбоотой. Ийм шалтгааны улмаас хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа үүсэх байгалийн нөхцөл бүрдсэн байна. Үүнээс гадна борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэсэн нь ч нөлөөллөө. Учир нь үерийн суваг шуудууг хог, шороогоор дүүргэснээс болж хөрсний ус саатан, халиа үүсэх нэмэлт шалтгаан болж байна” хэмээх тайлбарыг Туул голын сав газрын захиргаанаас өчигдөр олон нийтэд өгөв.
Зөвхөн Сэлбэ гол төдийгүй Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн цэгт халиа үүсэж, айл өрх, аж ахуйн нэгжүүд ус, мөсөнд автах эрсдэлтэй байгаа гэнэ. Ийм нутаг дэвсгэрт Баянхошуу, Сэлбэ голын хөндий дагуух Дарь-Эх, Долоон буудал, мөн Улиастай болон Хөлийн гол дагуух хэсэг хамаарч буй аж. Тэдгээрт голчлон гэр хорооллын бүс байгаа юм. Түүнчлэн ойрын хугацаанд хүйтний эрч суларч, голын мөс өнгөн хэсгээрээ хайлах эрсдэлтэй гэнэ. Үүний улмаас халиа улам нэмэгдэж, ойролцоох айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автах эрсдэл нүүрлэжээ.
Ташрамд дурдахад, халиа гэдэг нь хүйтний улиралд хөрсний ус газрын гадаргад гарч ирж, мөсөн хучаас бий болох үзэгдэл аж. Халиа нь ихэвчлэн аравдугаар сарын сүүлчээр үүсэж, өвөл, хаврын улирал буюу хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг юм байна. Харин 3-5 дугаар сард бүрмөсөн хайлж дуусдаг гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч