Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд жуулчны баазуудад эко гэрчилгээ олгох туршилтын хөтөлбөрийг эхлүүлснээ БОАЖЯ-наас мэдээлэв. Уг санаачилгын хүрээнд дээрх төслийн зорилтот бүс болох Хөвсгөл нуурын болон Онон, Балжийн байгалийн цогцолборт газар дахь 12 баазыг эхний ээлжид хөтөлбөрт хамруулж, шалгуур үзүүлэлтүүдийг хангасанд нь гэрчилгээ гардуулжээ. Тодруулбал, “Байгаль үүд”, “Тойлогт”, “Леона ресорт”, “Баян-Улаан”, “Дангина хатан” зэрэг жуулчны бааз эко гэрчилгээний болзол хангасан байна.
Шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн дагуу манай улс 2024 оноос жуулчны үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн байдлаар бүртгэж, гэрчилгээжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү туршилтын хөтөлбөрийг уг ажлын бэлтгэл, мөн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн орон нутгийн иргэдэд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалын төлөвлөлт, чадавхыг сайжруулах зорилтыг хангах зорилгоор хэрэгжүүлжээ.