Монгол Улсад Катар орны тухай тусгай үзэсгэлэнг 2024 онд зохион байгуулах ажлыг эхлүүллээ. Монголын үндэсний музей болон Катарын үндэсний музей хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар уг ажлын эхлэлийг тавив. Үзэсгэлэнг Монгол, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулах аж. Үүний хүрээнд Катарын үндэсний музейн захирал Абдулазиз Хамад Аль-Тани тэргүүтэй төлөөлөгчид болон албаны бусад хүн манай улсад зочлон, Монголын үндэсний музейд ажилласан байна.
Монгол Улсыг Катарт сурталчлан таниулах зорилгоор урлагийн тоглолт, бизнес форум бүхий “Монголын өдрүүд” арга хэмжээг өнгөрсөн онд Доха хотноо зохион байгуулсан. Тэрхүү арга хэмжээ нь хоёр улсын соёлын солилцоог өргөжүүлэх, үндэсний соёл урлаг, өв уламжлал, бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, зах зээлийн шинэ боломжийг нээхэд хувь нэмэр оруулсан гэдгийг Катарын төлөөлөгчид онцолжээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн