Булган аймаг өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр санаачилж, Засгийн газраар батлуулаад буй. Ингэснээр тус аймагт аялсан гадаадын жуулчин бүрт орон нутгаас нь нэг хонь бэлэглэх “урамшуулал”-ыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм. Булган аймгийн ЗДТГ эл санаачилгыг хэрэгжүүлэхээр эхний ээлжид 100 мянган бог бэлэн болгоод буйгаа зарласан. Тэгвэл БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг энэ сарын 23-25-нд зохион байгууллаа.
Хөтөлбөрийг санаачлагчид болон албаны хүмүүс бямба гарагт Могод сумын иргэдтэй, нямд Хутаг-Өндөрийнхөнтэй, өчигдөр Хангалынхантай уулзаж, төлөвлөсөн ажлаа танилцуулав. Үүнд малчид, аялал жуулчлалын салбарынхнаас гадна болон худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, гар урчууд, жижиг, дунд үйлдвэрлэгчид оролцжээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл