Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байгаа гэнэ. Төлөвлөлтийг ирэх оны эхээр дуусгаж, нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, иргэдийн автобус хүлээх хугацааг бууруулах зорилгоор чиглэлүүдийг шинэчлэхээр болсон аж. Үүний хүрээнд одоогоор хотын төв хэсгийн буюу Их тойруу орчмын замуудад үндсэн зургаан чиглэл бий болгон, автобус хүлээх хугацааг хоёр минут байлгахаар төлөвлөжээ. Их тойруугаас гаднах хэсэгт 12, түүгээр дамжин өнгөрөх замуудад зургаан чиглэл бий болгох гэнэ. Хотын захаас төв гудамж, зам руу явдаг 46 чиглэл гаргах төлөвлөгөөтэй юм байна. Тэдгээр чиглэлд өдөр тутам 1038 автобус явуулахаар тооцож байгаа аж.
Бэлтгэсэн: М.Оч