Туул голын сав газрын захиргаанаас нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн булаг, шандын тооллогын дүн мэдээг танилцууллаа. 2023 онд Улаанбаатарт 251 булаг, шанд тоолсны хамгийн олон буюу 81 нь Баянзүрх, 48 нь Сонгинохайрхан, 35 нь Налайх дүүрэгт бүртгэгдсэн аж. Эдгээрийн 143 нь байнгын, 108 нь түр урсацтай бол найм нь бүрмөсөн ширгэсэн байжээ. Мэргэжилтнүүд нийт булаг, шандын 159-ийнх нь эхийг хашиж, хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна. Ийм байдлаар хамгаалсан уст цэг 35 байгааг тогтоожээ.
Эхийг нь хашиж, хамгаалах шаардлагатай булаг, шандын 84 хувь буюу 135 нь Туул голын сав газарт бий гэнэ. Өнөө жил тус сав газарт 23 булаг, шанд шинээр бүртгэснийг онцлов.
Бэлтгэсэн: Н.Мишээл