Бид ёстой л хүртэх ёстойгоо хүртэж, өвлийн хүйтнийг давах гэж хөгөө чирч байна. Эрчим хүчний салбарт хямрал нүүрлэж, нийслэл, орон нутаг дахь айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг өдөр бүр хэсэгчлэн хязгаарлаж буй нь ихээхэн хүндрэл учруулах болсон учраас ийн хэлэв. “Эрчим хүчний систем чадлын дутагдалд орсон тул таны цахилгааныг түр хязгаарласан байна. Хэрэглэгч та хүлээцтэй хандана уу” гэсэн мессеж ирвэл нээрэн л хүлээцтэй хандаж сурч байх шиг, монголчууд. Бүр ийм мессеж ч ирүүлэлгүйгээр шууд таслахад ч дасах нь. Ямар сайндаа шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад нь цахилгаан тасарсан ч харанхуйд хоолой нийлүүлэн дуулж суух вэ. Хэн нэгэнтэй дүрсээ харж дуудлага хийж байхад нэгийнх нь гэрт цахилгаангүй болоход “Арай л ойрхон таслаад байна уу” гэсхийсэн шиг сууж байх жишээтэй.
Биднийг ийм л уужуу болгож байна. Мөдхөн цахилгаан тасрах нь хэвийн үзэгдэл юм шиг хүлээн авахад дасгаж, бид ч цочрохоо болих нь. Уг нь эрчим хүчний салбарын нэн тэргүүний зорилго нь хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаанаар хангах. Гэтэл үүнийгээ биелүүлж чадахгүйд хүрсний улмаас хэрэглэгчдийн цахилгааныг цөөнгүй хоногийн өмнөөс хязгаарлах болов. Энэ талаар иргэд “Манайх хотын төвд байдаг. Цахилгаан өнжөөд нэг тасарч байна”, “Сонгинохайрханы 33, 34 дүгээр хороон дахь Найрамдлын замд өдөр бүр хоёр цагаар эрчим хүч таслах боллоо.
Халаалтаа цахилгаанаар шийдсэн тул яахаа мэдэхгүй хэцүүдэж байна”, “Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд эрчим хүч арай л их таслах юм аа. Шөнө гэнэт 1-2 цагаар хязгаарлаад, хамаг юм хөлдөөчих юм. Ядаж утсаа аваач ээ. Халаалтаа 100 хувь цахилгаанаар шийдсэн айлууд хөлдөж үхлээ”, “Долоо хоногт хоёр удаа тасарлаа. Хязгаарлалт хийх бол холбогдох байгууллагууд нь ядаж фэйсбүүк хуудсаараа хэдий хугацаанд цахилгаан таслахаа мэдэгдмээр байна”, “Бүтэн өдөржин хэрэглээгээ хянаж, зөндөө хэмнэлээ.
Цахилгаан байсхийгээд л тасарчих юм”, “Цахилгаан тасалчхаар бас халаалтгүй болчихдог. Нялх хүүхэдтэй болохоор зутарч байна”, “Шөнийн цагаар цахилгаан маш их хэлбэлзэж байна. 02.00 цагийн үед залгуур буудаад, гал алдчихлаа. Унтаагүй байсан тулдаа мэдлээ. Үгүй бол юу ч үгүй шатах байж”, “Улсын их дэлгүүр”-т явж байхад гэнэт цахилгаан тасраад таг харанхуй. Тэнд байсан өмнөд солонгосчууд бүр гайхаад. Нөөц үүсгүүртэй байсан бололтой, азаар удаагүй гэрэл нь ассан” гэх мэтээр халаглаж байна. Зарим нь олон жилийн өмнөх дурсамжаа санагалзаж “Шатахуунд дугаарлаж, автобусанд“алалцаад” л. Одоо мах, талхандаа дугаарладаг болчихвол ч” хэмээхдээ туллаа. Мөн замын гэрлэн дохио ажиллахгүй болж, дэлгүүр цахилгаангүй болохоор хоол хүнсээ ч авч чадаагүй гэхчлэн хүндрэл учирч буйд бухимдаж байна. Иргэд ийнхүү сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч байгаа юм.
УБЦТС ТӨХК-иас өнгөрсөн баасан гарагт “Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж хязгаарлалт хийж буй. Мөн хүйтэрч байгаагаас шалтгаалан гэмтэл гарч байгааг тухай бүрд нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байна. Хэрэглэгч та бүхнийг урьдчилан зарлах боломжгүй энэхүү нөхцөл байдлыг ойлгож, ялангуяа 17.00-22.00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг хүсье” гэжээ. Тэгвэл тус компаниас энэ өвлийг дуустал эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлаж магадгүйг өчигдөр мэдэгдлээ. Мөн өчигдрийн 17.00-18.30, 18.30-20.00 цагт Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн аль хэсгээр цахилгаан хязгаарлахыг мэдэгдсэн юм. Ингэхдээ хязгаарлалт 1-2 цаг үргэлжлэхийг дурдаад, тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай гэв.
САЛХИ Л БИДНИЙГ АВРАХ УУ
Өнгөрсөн өдрүүдэд III, IV хороолол, Зуун айл, Баянгол дүүргийн 24 дүгээр хороон дахь“Алтай”, Сонгинохайрханы 37 дугаар хороонд байрладаг“Содон” хороолол, Чингэлтэйн 18 дугаар хороонд байрладаг гэр хороолол, Хайлааст гээд нийслэлийн хаа сайгүй л 1-4 цагаар цахилгаан хязгаарласан тухай иргэд хэлж байна. Ерөөс “Хүжийн галд ном уншиж явлаа” гэдэг шиг гар утасныхаа гэрэлд хоолоо хийх нь ердийн үзэгдэл болох нь уу гэлтэй.
Хэтрүүлж хэлбэл, хөлдөх аюул ойрхон байхад салбарын сайд “Оргил ачааллын үед салхины хурд гайгүй байвал эрчим хүч хязгаарлахгүй” гэж хээвнэг ярьсан нь хоржоонтой. Салхин цахилгаан станцуудын үйлдвэрлэл багасвал бид бүр ч их юм үзэх байж. Ер нь агаарын бохирдол, эрчим хүчний нийлүүлэлт ямар байхыг салхинд даатгаад орхичихож байгаа гэлтэй. Уг нь нийлүүлэлтийн боломж нь эрэлтийн хэмжээнээс 20 хувиар илүү байх ёстой гэсэн алтан дүрэм хэрэгжих ёстой. Гэвч өдгөө ДЦС-ууд ямар ч нөөц тоноглолгүй, хэт ачаалалтай ажиллаж буй юм. Эл салбарын мэргэжилтнүүдийн хэлснээр эрсдэлтэй нөхцөл даамжирвал цаашид байдал улам хүндрэхийг үгүйсгэхгүй аж.
ЦАХИЛГААНЫГ НЬ ӨНГӨРСӨН САРААС ХЯЗГААРЛАЖЭЭ
Хаана, хэзээ, хэдий хугацаанд эрчим хүч хязгаарлахыг шийдэж буй “Диспетчерийн үндэсний төв” (ДҮТ) ТӨХХК-иас мэдээлснээр энэ сарын 18-ны 16.00-19.30 цагт аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчийг 28 МВт-аар хөнгөлсөн (хязгаарлах гэхээс илүүтэй ингэж хэлэх ньзүйтэй гэж үздэг аж) гэнэ. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу жилд 2-5 сая кВт/ цаг цахилгаан ашигладаг аж ахуйн нэгжүүдийг үүрэг хүлээсэн хэрэглэгчид тооцдог аж. Шаардлага гарвал эхний ээлжид тэдгээрийн цахилгааныг хязгаарладаг гэсэн үг. Үндэсний аюулгүй байдлын зэрэглэлтэй холбоотой учраас ДҮТ-өөс дээрхээс илүү мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Гэхдээ зарим үед70 МВт-ын хэрэглээг хязгаарласан тухай салбарын сайд саяхан хэлж байв.
Эргэн сануулахад, ОХУ-аас энэ сарын 12-нд мэдэгдэл ирүүлж, манайд345 МВт эрчим хүч нийлүүлдгээ 150 болгон бууруулна гэсэн ч түр түдгэлзүүлэн, өмнөх шигээ экспортолсон хэвээр байгаа юм. Тухайн үед Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эхний ээлжид үүрэг хүлээсэн 124 аж ахуйн нэгжийн хэрэглээг өдрийн цагаар хязгаарлана. Тэдгээр компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг саатуулахгүй, доголдол үүсгэхгүйгээр зохицуулалт хийнэ” гэж байлаа. Тэдгээр томоохон аж ахуйн нэгжийн хэрэглээ нь99.7 МВт бөгөөд үүнээс давбал төвийн бүсийн сум, аймаг, нийслэлийн хэрэглэгчдийг хязгаарлалтад хамруулна гэсэн юм. Тэгвэл зарим бүс дэх компаниудын цахилгааныг үүнээс өмнө буюу өнгөрсөн сараас эхлэн хязгаарлажээ.
Манай улсын эрчим хүчний системийг бүсээр нь баруун, Алтай-Улиастайн, Төвийн, Дорнод хэмээн хуваадаг. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хувьд хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлаагүй байгаа гэв. Дотоодын эх үүсвэр болох Дөргөний усан цахилгаан станц, Ховд дахь нарны цахилгаан станцаас уржигдрын байдлаар хамгийн багадаа 25.5, ихдээ 52.4 МВт эрчим хүч нийлүүлжээ. Тэгвэл тухайн өдөр импортоор хамгийн багадаа 20.7, ихдээ 43.6 МВт-ыг авсан байна. Гурван аймгийн төв, дөрвөн аймгийн 55 сум суурин, багийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ОХУ (нэг кВт/цаг эрчим хүчийг 4.04 рублиэр), БНХАУ-аас (0.6 юаниар) цахилгаан импортолдог аж. Тэгвэл зарим иргэн “Ховдод долоо хоногт 2-3 удаа, нэг удаадаа 2-3 цагаар цахилгаан тасрах нь хэвийн үзэгдэл болсон. Ялангуяа тэнгэр муудаж, шуурах бүрд улирал харгалзахгүйгээр тасардаг. Энэ (өнгөрсөн) долоо хоногт цахилгаан хоёр удаа хэсэгчлэн, цаг гаруйн хугацаанд тасарсан. Дээр үеийнх шиг лаа, чүдэнз, газ бэлэн байлгадаг болсон” хэмээн өгүүлэв.
“Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн мэргэжилтнээс хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарлаж буй, эсэх талаар тодруулахад, “Энэ сарын 19, 20-нд цахилгаан тасалсан. 19-нд гэхэд18.46-19.49 цагт тасаллаа. Эрчим хүчний системийн оргил ачаалал гэнэт ихэсвэл ДҮТ-өөс мэдэгдсэний дагуу хэрэглээг хөнгөлдөг. Аль хэсгийн үйлчлүүлэгчдийн хэрэглээг хөнгөлөхийг урьдчилан хэлэх боломжгүй. Өдөр бүр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа” гэв. Өнгөрсөн өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим сумын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлажээ. Тус байгууллага 57 мянган хэрэглэгчид цахилгаан түгээдэг юм.
Говь-Алтай, Завхан аймгийн 27 мянга орчим хэрэглэгчид үйлчилгээ үзүүлдэг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хувьд Эрчим хүчний яамнаас өгсөн чиглэлийн дагуу2023-2024 оны өвлийн улиралд цахилгааны хөнгөлөлт хийх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг өнгөрсөн есдүгээр сард гаргажээ. Дээрх аймгуудын аж ахуйн нэгжүүдийн цахилгаан халаагуурын хэрэглээг хөнгөлж буй юм байна. Говь-Алтай аймаг дахь26 аж ахуйн нэгжийн ийм халаагуурыг ашиглахаа болиход хэрэглээг 3.4 МВт-аар хөнгөлдөг аж. Завханы 13 аж ахуйн нэгжийн цахилгаан халаагуурын хэрэглээг мөн зогсоож буй гэнэ. Цаашид зайлшгүй нөхцөл үүсвэл цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөөг эл компанийнхан гаргасан юм байна.
1603 аж ахуйн нэгж, 17 818 өрх гээд19 421 хэрэглэгчид үйлчилгээ үзүүлдэг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас нөхцөл байдлын талаар тодруулахад ажилтан нь“Ямартай ч одоогоор аймгийн төвд цахилгаан хязгаарлаагүй. Дорнод бүс дэх уул уурхайн компаниудын тоноглолын эрчим хүчийг арваннэгдүгээр сарын 10-даас хязгаарласан. Үүнээс хойш цахилгаан хязгаарлах цаг нь уртсаж байгаа. Энэ сарын 15-наас хойш Сүхбаатар, Дорнод аймгийн уул уурхайн компаниудад өдрийн цагаар эрчим хүч өгөхгүй байгаа. Шөнийн тариф тэглэсэнтэй холбоотойгоор айл өрхүүд бүгд цахилгаан халаагууртай болсон. Үүнээс шалтгаалж эрчим хүчний ачаалал өссөн” хэмээв. Ачааллаа дийлэхгүйд хүрсэн учраас Сүхбаатар аймгийн хэрэглэгчдийг төвийн бүсийн систем рүү2015 оноос хойш “өгсөн” гэнэ. Тус аймаг дахь“Цайрт минерал” компанид өмнө нь өглөөгүүр эрчим хүч нийлүүлж байсан бол өнгөрсөн пүрэв гаргаас больжээ.
Тодруулбал, 22.00-23.00 цагаас эхлэн цахилгаан өгөөд, өглөө нь зогсоож байгаа аж. Түүнчлэн Дорнод дахь“Шинь шинь”-ийн уурхайн тээрмүүдийг нь тодорхой цагуудад ажиллуулахгүй байгаа гэнэ. Мөн “Петрочайна дачин Тамсаг”-ийн цахилгааныг байнга хязгаарлаж, нэлээд олон цооногийг нь зогсоон, хэрэглээг нь18 МВт-аас 11 болгон бууруулж буй юм байна. Цаашид шаардлага үүсвэл гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааныг ч хязгаарлахыг үгүйсгэхгүй бололтой. Ташрамд дурдахад, Дорнодын ДЦС-ын суурилагдсан хүчин чадал 36 МВт бөгөөд одоогоор 37.5 МВт-ын ачаалал авч байгаа аж. Өөрөөр хэлбэл, хэт ачааллын горимд ажиллаж буй юм. Хэрэв эрчим хүч хязгаарлаагүй бол дээрх тоо 40 МВт-ыг давах гэнэ. 51 жилийн насжилттай эл станцыг бүрэн хүчин чадлаар нь буюу зургаан зуух, дөрвөн турбингенераторыг нь ажиллуулж байна.
ОДОО ЯАХ ВЭ
Цахилгаан тасардаг байсан 1990 он руугаа “буцах” гээгүй бол, чадлын дутагдлаа нөхье гэвэл богино хугацаанд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр, батарей хуримтлуурын байгууламж барих, оргил ачааллын үед эрчим хүчний тарифыг дээшлүүлэх, дунд хугацаанд үнийг нь аажмаар нэмэн, хөгжих “эрх чөлөө”, боломж олгох, эл салбарын аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн зориглоод томоохон эх үүсвэр барихгүй бол улам дордохыг сануулсан юм. Наад зах нь, “Оюутолгой” компани урд хөршөөс өндөр үнээр эрчим хүч импортолсоор (борлуулалтын орлогынхоо 10 хувийг үүний төлбөрт өгдөг гэх нь бий) байх нь бидэнд алдагдалтай.
Зарим оронд иргэд нь цагаа харж эрчим хүчний хэрэглээгээ тохируулдгийг ч мэргэжилтнүүд дурдаж байлаа. ОХУ-д1990-ээд онд реформ хийхдээ 10 жилийн хугацаанд цахилгааны тарифаа хэрхэн нэмэхээ зарласнаар иргэд нь “шок”-нд ороогүй гэдэг. Энэ мэтчилэн арга хэмжээ авахгүй, нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй хязгаарлалт хийсээр байвал эрчим хүчний салбар нийгмийн хөгжлийг чөдөрлөх эрсдэлтэй. Хэрэглээгээ хэмнэснээр аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл буурах зэргээр ажилтнуудынх нь бүтээмж, цаашлаад эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Өндөр насжилттай “өвгөн” ДЦС-уудтай манай улсын хүнд нөхцөл байдлыг эрчим хүчний салбарынхан алийн болгон аргалах вэ. Монгол Улсын эрчим хүчний эрэлт жил бүр нэмэгдсээр буй бөгөөд оргил ачаалал түүхэн дээд түвшнээ шинэчилсээр байгаа, энэ сарын 20-нд гэхэд 1636 МВт-д хүрснийг сануулъя.