Шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдэд зориулан 14 байршилд мөсөн гулгуурын талбай ашиглалтад оруулжээ. Мөсөөр урласан бүтээлүүд бүхий хотхон, гулгуурын талбайг тэдгээр байршилд барьсан юм байна. Уг ажлыг энэ сарын 4-нд эхэлж, өчигдөр дуусгалаа. Үүний хүрээнд амьтдын баримал, сүлд мод засах, төв гудамжуудаар гэрлэн чимэглэл өлгөх зэрэг ажлыг ч гүйцэтгэсэн аж. Мөсөн гулгуурын талбайг Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотно талд, Тусгаар тогтнолын талбай зэрэг байршилд байгуулсан гэнэ. Түүнчлэн Багануурын төв талбай, тус дүүргийн IV хороо, Сонгинохайрхан дахь гарааш буулгасан талбайд мөсөн хотхон хийжээ. Төсвийг нь дүүрэг бүр өөрийн хөрөнгөөсөө гаргасан байна. Мөсөн гулгуурын талбайг ирэх оны хоёрдугаар сар хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ.