Ховд аймгийн хөдөө аж ахуйн техникумыг 1982 онд төгссөн залуухан боловсон хүчин Төв аймгийн Сүмбэр сумын саалийн механикжсан фермэд томилогдож байжээ. Түүний амьдрал сүүтэй тасралтгүй холбоотой. Ажил амьдралын гараагаа сүүний аж ахуйгаас эхэлж одоо ч сүүтэйгээ холбоотой яваа. Сүү цагаан мөртэй гэж хэлэх энэ эрхэм хүнийг Равсалын Отгон гэдэг. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул аж.
Р.Отгон нь мэргэжлээ даган хүний нутагт, төрсөн нутгаа орхин ирсэн цагаас даруй 40 жил өнгөрчээ. Энэ хугацаанд саалийн механикжсан фермэд үржлийн тоо бүртгэгч, зоотехникчээр 1982 оноос тасралтгүй 10 жил ажилласан байна. 1992-2000 онд тус газрын буюу Октябрын сангийн аж ахуйн мал бригадын даргаар, 2000 оноос Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар мал аж ахуйн мэргэжилтэнээс, Хөдөө аж ахуйн тасгийн дарга зэрэг албан тушаал хашиж байгаад 2020 онд тэтгэвэртээ гарсан тэрээр мал аж ахуй, тэр дундаа сүүгээр амьдралын их сургууль төгссөн гэж манай сурвалжлагын багт бахархан ярьсан юм..
Нэг л мэдэхэд цагийн тоолол 60 жилийг ардаа орхижээ. Жаран нас гэдэг хүний амьдралын хувьд асар их хугацаа. Харин түүний талаас нь их хугацаанд буюу 40 жилд нь түүний ажил амьдрал сүүтэй салшгүй холбоотой байсан. Өөр бусад бүтээгдэхүүн биш сүү. Анх сүүний механикжсан фермэд ажиллаж эхэлсэнээс хойш л Улсын сүүний үйлдвэрт сүүний төлөвлөгөө норм биелүүлнэ гээд л цаг наргүй л ажилладаг байсан түүний энэ 40 жил миний амьдралын их сургууль нь байж, нөгөө талдаа одоогийн Сүү ХК-тай хамтран ажиллах эх суурь байжээ. Тасралтгүй 40 жил хамтран ажилласан байна. Багагүй хугацаа шүү.
Тухайн үед тэрээр сүүний төлөвлөгөө норм гэж эд зүтгэж яваад, дөнгөж л ажлаа гартаа оруулаад 2 жил болж байсан үе буюу 1984 оны налгар намар улсын сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж сайжирч, хотын баруун талд шинэ үйлдвэрийн суурь тавигдаж байна гэж сонссонд “Миний бэлтгэсэн сүүгээр нийслэл хотын минь олон ээжүүд сүүн цацал өргөх нь” гэж маш их бахархаж байсан гэдэг. Тухайн үед дарга нь байсан хүн “Шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор сүүгээр хийх бүтээгдэхүүний нэр төрөл олширох тул бидний ажил улам их болно доо” гэж ажилчдаа урмын үгээр урамшуулж, ажлыг ёстой л нэг шажиганатал хийдэг байсан юм байна. Энэ л газраа 10 жил улсын сүүний үйлдэрийн норм, төлөвлөгөөг биелүүлж явахдаа тэрээр гэр бүлийн хүнтэйгээ танилцаж, гэр бүл зохиож байжээ. Ийнхүү Завхан нутгийн бүсгүй Сүмбэр сумын хуучнаар бол Октябрын сангийн аж ахуйн хүн албан ёсоор болсон юм. Мөн түүнчлэн ханьтайгаа ярилцаж өөрийн гэсэн малтай болох сэдэл нь анх төрсөнөөр ажлынхаа хажуугаар энэ чиглэл рүү эргэлт буцалтгүй орсон байна.
Ингээд хүүрнээд баршгүй арвин туршлага, арвин түүхийн эзэн Монгол Улсын шилдэг фермер Р.Отгонтой аж амьдрал, амжилт бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.
- Насаараа сүүтэй холбоотой ажиллалаа гэсэн. Яг өөрөө хувийн чиглэлээр мал аж ахуй руу хэзээ орохоор шийдэв. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
Бидний бага нас хөдөө мал дээр л өнгөрсөн. Одоогийн хүүхдүүд шиг телевиз, интернет байхгүй болохоор хөдөө малынхаа араас хөөцөлдөөд л чулуун гэрээ бариад л, 5 хошуу чулуугаар орлуулж л тоглодог байлаа. Монголчууд ухаантай болохоор тоглоом наадам нь хүртэл ухааруулдаг байж гэж одоо боддог. Тийм ч болохоор мэргэжил эзэмшихдээ малын зоотехникчээр төгсөж байсан. Насны минь хоолыг залгуулж буй буянтай мэргэжил. Төр болон хувийн хэвшилд мал аж ахуйн чиглэлээр ажиллахын хажуугаар өөрөө малын ашиг шим өндөр хүртдэг эрчимжсэн мал аж ахуйтай болохыг зорьж их чармайн ажилладаг байлаа. Миний хань Батдорж, тухайн үедээ газар тариалан эрхлэдэг байсан. Ингээд бид 2 ярилцаад 1993 оноос өөрсдийн хуримтлуулсан туршлага, хүсэл зорилгоо нэгтгэн эрчимсэн мал аж ахуйн чиглэл рүү орсон доо. Зүгээр ч ороогүй би ч ажлаа хийж байсан. Харин хань минь фермээ голлонгоо газар тариалангийн хосолсон аж ахуй эрхэлж байсан юм.
- Хосолсон ферм эрхлэхийн давуу тал нь юу байв?
Тухайн үед давуу тал гэж харахаас илүү хань минь газар тариаланд дуртай, би мал аж ахуйд дуртай. Тийм болохоор ярилцаад хослуулсан л даа. Гэхдээ мэдээж давуу талтай байлгүй яахав. Эрчимжсэн мал аж ахуйн ферм гэдэг үнэндээ тэжээлээр л хэмжигдэнэ. Малын дэлэнгээс арвин сүү авъя гэвэл хэлэн дээр хоолыг нь их тавьж өгөх хэрэгцээтэй байдаг шүү дээ. Тийм болохоор энэ бүгдийг өөрөө тариалангаа эрхлээд худалдаж авахгүй, малдаа өгнө гэдэг тухайн үедээ ч тэр, одоо ч тэр маш их давуу тал. Би бодохдоо газар бол амьдралын шим, шимийн дээд нь сүү гэж боддог. Тийм болохоор Монголчууд бид сайн сайхан бүхний дээдийг сүүтэй зүйрлэж, ариун бүхнийг сүүгээр илэрхийлж, өглөө бүхэн идээний дээж цагаан сүүгээ хөх тэнгэртээ өргөдөг гэж боддог.
- Дээр яриандаа та дурдсан сүүтэй холбогдоод 40 жил болсон, бас сүүний үйлдвэртэй холбогдоод 40 жил болсон гээд. Энэ тухайгаа хуваалцаагүй юу.
Миний амьдралдаа бахархаж явдаг цөөн зүйл бий. Би өсгөж хүмүүжүүлсэн ижий аав, өөрийн эзэмшсэн мэргэжил, сүү шиг сэтгэлтэй насны ханиараа бахархдаг. Бас хуучнаар сүүний үйлдвэр одоогоор Сүү ХК-аараа бахархдаг. Анх ажлын гараанд гарахад сүүний төлөвлөгөө нормоо биелүүлэх гэж их л чармайж байсан.
Төлөвлөгөөгөө давуулан биелүүлвэл ажлаа хийсэнд өөрөөрөө бахархдаг үе байж. Дараа нь нийгмийн амьдралд өөрчлөлт орж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өнөөх зах зээлийн нийгмийн үе рүү шилжсэн үе. Тэр үед улс орны эдийн засаг уналтанд орж, сангийн болон хөдөө аж ахуйн нэгдлүүд тарж, саалийн механикжсан фермүүд татан буугдаж эхэлсэн. Энэ үед би ч ажлаа сольж мал бригадын даргаар ажиллах болсон. 1993 оноос өөрөө эрчимжсэн мал аж ахуй буюу фермийн аж ахуй эрхэлж эхлээд сүүгээ сүүний үйлдвэртээ тушаадаг байлаа. Сүүний үйлдвэр маань сүүний хэмжээ багассан ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилласаар л байсан.
Тэр үед сүүний үйлдвэр маань миний мэдэхийн Төв аймгийн ойролцоох 10-аад сумдын 30 орчим суурь хэсэж сүүгээ цуглуулна. Манай суурь хэсэгт ирэхэд нь бид чинь хувийн сүүгээ өгөх гэж өглөө үүрээс эхлэн үхэр малаа сааж, сүүгээ хөргөж бэлтгэдэг байлаа. Энэ л үед улсын ажил, хувийн ферм, газар тариалангаа аль алийг нь сайн авч явах гэж хань бид 2 эрвийх дэрвийхээрээ л ажилладаг байлаа. Түүнээс хойш бид тасралтгүй сүүгээ улсын ууган үйлдвэртээ нийлүүлсээр л байна. Одоо ч нас дээр гарч фермийн үйл ажиллагааг хүүхдүүд үргэлжлүүлэх төлөвт орж байна. Ингээд бас зүгээр сууж чадахгүй 2023 оны 06 сард Сүү ХК-ийн сүү бэлтгэн нийлүүлэлтийн “Эвт хайрхан хоршоо”-г нээж, одоо даруй хагас жилийн нүүр үзэж байна. Магадгүй энэ үйлдвэртэйгээ насан туршдаа л хамт байх бололтой. /инээв/
- Сүү бэлтгэлийн хоршоо байгуулна гэхээр сүү өгдөг айлуудыг нэгтгэж сүү авна гэсэн үг үү?
Тэгэлгүй яах вэ? Манай хоршоо хагас жилийн турш 40 гаруй айлыг нэгтгэж чадсан байна. Үүнийгээ би багагүй амжилт гэж үзэж байгаа. Тэтгэвэртээ гарсан байгаа гэж гар хумхилгүй хүүхдүүддээ сурсан мэдсэнээ заан өвлүүлж, өөрөө зүгээр суулгүй хоршоондоо малчдаа нэгтгэж, хамт олонтой байна гэдэг бас сайхан байна. Нөгөөтэйгүүр бид хоршоонд нэгдэж чанартай сүү бэлтгэн нийлүүлсэнээр арай илүү мөнгө авч байгаа юм. Хэн хэндээ ашигтай. Ханьтайгаа хамт эхлүүлсэн энэ хоршоо минь өнөөдөр өнөр олуулаа болжээ. Үүнийг харахад үнэхээр таатай байна. Фермийн аж ахуй чинь үндсэндээ бэлчээрийн мал аж ахуйг бодвол ашиг шимийг өндөр авдаг гэж ойлгож болно. Цөөн тооны чанартай малаас өндөр ашиг шим авна. Тэр ашиг шимээ чанартай хэлбэрээр нь хоршоонд тушааснаар илүү их орлоготой болох боломж нээгдэж байгаа гэхэд болно доо. Биднийг энэ хоршоог нээх нөхцөл боломжоор нөгөө л миний магтах дуртай Сүү ХК-ийн хамьт олон маань бүх талаар дэмжсэн дээ.
- Таны яриа фермийн аж ахуй, тэр дундаа сүүний чиглэлийг нилээдгүй ярьлаа. Таны анх 40 жилийн өмнөх фермийн аж ахуй, одоогийн үе 2 хэр ялгаа гарч байна. Залуу фермерүүдийг хараад анхны таны эхэлж байсан үе харагдаж байна уу?
Хүний залуу нас гэж сайхан зүйл шүү. Хань бид 2 эд ажиллаж байсныг одоо хүүхдүүд минь харуулах шиг болдог. Манай энд ч бас час хийсэн өндөр боловсролтой мөртлөө мал аж ахуйг сайхан авч яваа залуус олон бий. Тэднийг хараад их л бахархдаг даа. Харин манай энэ чиглэлийн техник технологи бол харьцангуй хөгжсөн. Харин хүний нөөц л их дутмаг юм уу даа л гэж харж байна. Хэсэг хүмүүс нь энэ чиглэлээр ажиллах гээд байдаг. Нөгөө л хүний нөөц, туслах аж ахуй эрхлэгч залуус нь ажил хийж чадахгүй шантрамтгай харагдаж байна.
Миний бодлоор энэ сүүгээ тушаагаад өдөр тутамдаа мөнгөтэй байна. Цалин харж амьдрахгүй байна. Дээрээс улс хүртэл бодлогоор дэмжээд сүүний урамшууллыг 500 төгрөг байсныг 1000 төгрөг болгоод байна. Өөрөө эхлэх боломжгүй бол эхэлсэн хүнтэй хамтраад яагаад ажиллаж болохгүй гэж. Туслаад туршлага хуримтлуулж өөртөө боломж олгохгүй байгаа л харагддаг даа. Би ч одоо өөрийгөө 60 настай гэж гололгүй ирэх хавраас хоршооныхонтойгоо хамтраад газар тариалан эрхлэж малын тэжээл бэлтгэх л зорилго тавиад байгаа. Ингээд бодохоор хийх хүнд арга нь олддог, хийхгүй хүнд шалтаг их олддог бололтой.
- Та одоо өөрөө өдөрт хэдэн литр сүү бэлтгэн нийлүүлж байна?
Би ч одоо 3 хүүхэдтэй. 2 хүүхэд маань одоо фермийн үйл ажиллагааг минь үргэлжлүүлж байна даа. Манайх өөрсдөө бол 20 үхрийн 2 фермийн малтай. Өвөлдөө 70 орчим, зундаа бол 100-с дээш литр сүү бэлтгэн нийлүүлж байна. Харин манай хоршоо бол анх нээгдсэнээс хойш 6 сарын хугацаанд 200 гаруй тонн сүүг нийлүүлж, сүү бэлтгэн нийлүүлж байгаа айл өрхүүддээ 350 гаруй сая төгрөгний орлого оруулжээ. Ирэх жилүүдэд энэ амжилтаа улам нэмэгдүүлж ажиллах төлөвлөгөөтэй байна даа. Ингээд бодохоор малынхаа үүлдэр угсааг сайжруулахаас эхлээд хийх ажил их байна шүү.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа
Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье.
Бэлтгэсэн: С.Ука