Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн судалгааны хэлтсийнхэн энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургийг танилцуулав. Шинэчилсэн үнэлгээгээр манай орны нийт газар нутгийн 90 хувьд нь зудын эрсдэл их, 10 хувьд нь дунд зэрэг гарчээ. Өнгөрсөн сарын 30-нд нийт нутгийн 69 хувьд зудын эрсдэл их байсан бол үүнээс хойших 20 хоногийн хугацаанд 21 хувиар нэмэгдсэн байна. Үндсэндээ ихэнх аймаг, сумд өвөлжилтийн нөхцөл хүнд, зудын эрсдэл өндөр буй аж. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дорнод, Дундговийн зарим нутагт зудын эрсдэл нэн их гарчээ. Өнгөрсөн сард нийт нутгаар их хэмжээний хур тунадас орж, хүчтэй шуурга дэгдэн, хүйтэрсэн нь өвс, ургамал дарагдах, цас хунгарлах, хөрс мөстөх эрсдэлийг бий болгож, улмаар мал бэлчээрлэх боломжгүйд хүргэснийг цаг уурчид онцолжээ. Түүнчлэн малын тарга хүч дутуу, өвс, тэжээлийн үнэ нэмэгдсэн, мах борлуулах зах зээл хомс, зам харгуй хаагдсан зэрэг нь зудын эмзэг байдлыг нэмэгдүүлж буйг онцлон тэмдэглэв.