2022-2023 оны хичээлийн жилд нэг хүүхэд маань бага, нөгөө нь ахлах ангид орж таарав. Ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцасны стандартаар бол ахлах ангид ороход дүрэмт хувцас шинэчлэгдэж, загвар нь бага зэрэг өөрчлөгддөг бол бага ангийн хувьд багадсан тул шинээр авахаас аргагүй болов. Ингээд хоёр хүүхдийн сургуулийн дүрэмт хувцас, тус бүр хоёр ээлжийн даавуун цамцтай авахад 400 мянган төгрөг болсон юм. Бага ангийн хүүхдийн өмнөх сарафан хуучирч амжилгүй багадсан тул үеэлийнхээ охинд өгсөн юм.
Энэ бол намар хичээл орох дөхөхөөр айл болгонд тохиолдож байгаа асуудал. Зарим нь элэгдэж шалихгүй багадсан илүү хувцастай болж байхад зарим өрхийн хувьд нэг хүүхдэд 150-200 мянган төгрөгөөр зөвхөн форум авч өгнө гэдэг санхүүгийн хувьд томоохон дарамт болдог.
Энэ асуудлыг аль аль талд нь таатай шийдэх, магтууштай санаачилгыг үүрэн холбооны Юнител компани гаргасныг хожим олж мэдсэн юм. Тус компани намар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө "Миний форм" аяныг өрнүүлж, яг манайх шиг багадсан форумуудыг найзууддаа бэлэглэхийг уриалж, өөрийн салбаруудаар дамжуулан цуглуулжээ. Иргэдээс хүлээн авахдаа сайтар цэвэрлэж, ханзарсан хэсгийг оёсон байх зэрэг дараагийн хүн хэрэглэх нөхцөлийг шаардлага болгон тавьсан байна. Үүний үр дүнд 1-12 дугаар ангийн сурагчдын нийт 200 ширхэг иж бүрэн дүрэмт хувцас цуглуулж чаджээ. Тэдгээрийг Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн сурагчдад илгээсэн байна. Ингэснээр дээрх баруун дөрвөн аймгийн 200 сурагчийн форм авах байсан 32 сая төгрөгийг хэмнэх нөхцөлийг бүрдүүлжээ. Үүний нөгөө талд мөнгөөр хэмжигдэхгүй буюу байгаль орчны талаас маш том хэмнэлт гарсныг мөн дурдах хэрэгтэй.
Тогтвортой хөгжил буюу дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн төрөлхтөн хязгаарлагдмал нөөцөө бага ч болов хэмнэх бүхий л боломжийг эрэлхийлэх болсны нэг нь хувцас, загварын салбарын үйлдвэрлэлтэй холбогдож буй. Энэ салбар нь ус их шаарддаг дэлхийн хоёр дахь том салбарт тооцогдож байгаа юм. Хувцас үйлдвэрлэлд дэлхий нийтээрээ жилд 79 тэрбум шоо метр ус зарцуулж байгаа бол 2.9 тэрбум хүн усны хомсдолтой амьдарч байгаа нь байгалийн баялгийн нөөц ямар тэгш бус хуваарилагдаж буйн тод жишээ мөн. Ганцхан ширхэг цамц үйлдвэрлэхийн тулд 2700 литр буюу нэг хүний 900 хоногийн ундны усыг ашигладаг байна. Энэ өндөр хэрэглээг бууруулахын тулд хүмүүсийн оруулж чадах хувь нэмэр бол
- элэгдэл багатай хуучин хувцас худалдаж авах
- урагдсан хувцсаа засварлаж, бага угаах, эсвэл гараар угааж, агаарт хатаах
- хуучраагүй ч өмсөхөө больсон хувцсаа хаяхын оронд хэрэгтэй хүнд нь хандивлах
- шинээр хувцас сонгохдоо чанартай буюу удаан эдлэгээтэйг нь худалдан авах
- богино хугацааны, загвар хөөсөн, хямд брэндүүдийг дэмжихгүй байх
- 100% органик, дахин боловсруулсан, Сайн хөвөн санаачилга, Шударга худалдаа гэх мэт тэмдэглэгээтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжсэн брэнд сонгох зэрэг зөвлөмжийг дэлхий дахинд өгөх болсон.
Хүмүүс бид байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц ул мөр бага үлдээхийн тулд алхам тутамдаа, өдөр бүрийн хэрэглээгээ ээлтэй, хэмнэлттэй, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах санаачилгыг дэмжсэн байлгах нь том хувь нэмэр төдийгүй үүрэг болоод байгаа билээ.
Ялангуяа, хүний хаясан хувцас материалаасаа шалтгаалаад байгаль дээр задралгүй 40 хүртэл жил болдог байна. НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын тооцоолсноор дэлхий дээрх бүх нэхмэл, бөс барааны эдлэлийн 85% нь хогийн цэгт очдогоос гадна хувцас угааснаас жил бүр 500,000 тонн микро буюу бичил утас далай тэнгис, гол мөрний усыг бохирдуулдаг. Түүнчлэн хувцас үйлдвэрлэлд ашиглаж байгаа материалын 60% нь пластикаас гаргаж авч байгаа зэрэг байгальд сөрөг нөлөөтэй олон тоо баримт, үзүүлэлт манай улсад ч мөн хамаатай юм.
Иймд хувцасны хэрэглээгээ ухаалаг болгож, “Юнител”-ийн санаачилсанчлан хэрэгтэй хүнд нь хэрэглэхгүй байгаа хувцсаа өгөх нь байгаль орчны төлөө хийж болох иргэдийн маш том хувь нэмэр ажээ.