Эрчим хүчний хэмнэлттэй амьдрах нь иргэн бүрийн хувьд эх оронч шийдэл болоод байна. Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал сүүлийн хоёр жилд хөндөгдөж, аргалах бүх нөөц боломж шавхагдсаныг салбарын сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Ялангуяа, Улаанбаатар хотод эрчим хүчний эх үүсвэрийн 300 МВт-ын дутагдалтай, аваарын нөхцөлд ажиллаж байгаа салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн оны хавраас хойш хэлж, ярьж байгаа.
Нөгөө талаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах гэж гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг арваннэгдүгээр сараас үзүүлдэг бөгөөд 2023 оны төсөвт л гэхэд 33 тэрбум төгрөг суулгасан.
Үүнтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний ачаалал өвлийн улиралд оргилдоо хүрдэг бол зун хөргүүрийн систем ашиглах газруудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор 11:00-12:00 цагийн хооронд зуны цахилгааны хэрэглээ оргилдоо хүрдэг болсныг "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням салбарын ачааллын талаар олон нийтэд мэдээлэл өгөх үеэрээ хэлж байв.
Цар тахлын үед айл өрхүүдийн эрчим хүчний төлбөрийг төрөөс төлөхөөр болсонтой холбоотой 2021 оны арванхоёрдугаар сард Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1387 МВт-д хүрч огцом өссөн удаатай. Ийнхүү огцом нэмэгдсэн хэрэглээг импортын эрчим хүчээр хангаж, ОХУ-аас цахилгаан авдаг шугамын хүчин чадлыг өнгөрсөн оны долдугаар сард 100 орчим МВт буюу 245 МВт байсныг 350 МВт болгож нэмэгдүүлснийг “Хямралын үеийн Монголын эрчим хүчний сорилтууд”-ын талаарх судалгаа, тойм шинжилгээг "Номадик Нью Энержи" ХХК-аас танилцуулсан юм. 2022 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачаалал 1450 МВт-д хүрсэн.
Энэ мэтчилэн эх үүсвэр нэмээгүй үед хэрэглээ өсөж байгаагаас үүдсэн эрчим хүчний салбарын хямрал ойрын хугацаанд шийдэгдэх боломжгүй тул хувь хүн, байгууллага бүр эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлэх нь эх оронч үйлдэл болоод байгаа билээ.
Зөвхөн нийслэлийн айл өрхүүд маш хялбар хэрэглээгээр жилд 200 гаруй сая төгрөг хэмнэх боломжтой аж. Тодруулбал, Улаанбаатар хотын 380 гаруй мянган өрх зөвхөн гар утасны цэнэглэгчээ ашиглаагүй үедээ салгахад жилд 213 сая төгрөг хэмнэх боломжтойг Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Д.Наранцэцэг iKon.mn-д ярьжээ. Өдөрт цайны цагийн үеэрээ суурин нэг компьютерыг унтрааж хэвшихэд жилд 8900 төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцооллыг Эрчим хүчний зохицуулах хороо хийжээ.
Байгууллагуудын хувьд эрчим хүчний хэмнэлтийн санаачилга мөн чухал болоод байна. Тухайлбал, “Юнител” компанийн жишээг дурдаж болно. Үүрэн холбооны оператор компаниудын орон нутаг дахь сүлжээ цацагч станцууд цахилгаан багагүй хэрэглэдэг байна. Харин тус компани энэ хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийджээ. 2022 онд тус компани утасны сүлжээгүй байсан 204 байршилд антень байгуулахдаа сүлжээ цацагч станцуудынхаа цахилгааны хэрэглээг нарны эрчим хүчнээс авах шийдлийг ашигласан байна. Түүнчлэн дата төвийнхөө тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, эрчим хүчний хэмнэлттэй, дэлхийн дулааралд хамгийн их нөлөө үзүүлэгч нүүрстөрөгчийг боломжит бага түвшинд ялгаруулах өөрчлөлтийг хийжээ.
Ийнхүү дата төвийн 12 генераторыг шинэчилснээр 7,000 kW/цаг, сүлжээний долоон станц болон дата төвийн хоёр сервэрийн генераторыг шинэчилснээр 40,000 kW/цаг эрчим хүчийг хэмнэх болжээ. Үүнийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны аравдугаар сард тогтоосон тушаал дахь тарифаар буюу 1кВ/цагийг дунджаар 200 төгрөг гэж үзвэл цагт 9.4 сая орчим төгрөгийн хэмнэлт гаргажээ. Үүнийг цааш тооцвол хоногт 225 сая, жилд 80 гаруй тэрбум төгрөг хэмнэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ бол нэг байгууллагын, нэг удаагийн өөрчлөлтөөр хийж чадаж байгаа хэмнэлт бөгөөд олон байгууллага санаачилга гаргавал илүү их эрчим хүч хэмнэх боломжтой харуулж байна.
Монгол Улсад төдийгүй дэлхийн улс орнуудад эрчим хүчний хараат бус байдал стратегийн томоохон асуудал болсныг өнөөгийн дайны нөхцөл байдал хамгийн ихээр ойлгуулж буй. Манай улс эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг богино хугацаанд босгох боломжгүй, УЦС-уудын хөрөнгө оруулалт дөнгөж нааштай болох эхлэл тавигдаж байгаа энэ үеийн бидний хийж чадах хамгийн гол зүйл бол хэмнэлт юм. Нөгөө талдаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэ нь хувь нэмрээ оруулдаг. Учир нь Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг нүүрс буюу байгалийн шавхагдах нөөцөөс гарган авдгийг мартаж болохгүй.
Улаанбаатар хотод л гэхэд оргил ачаалал болох 17:00-22:00 үед шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ салгаж, хэмнэлттэй хэрэглээг амьдралдаа хэвшүүлэхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөсөөр байна.