2019-2020 онуудад “ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр 1-4 дүгээр генераторуудын хүчин чадлыг 89 МВт-аар нэмэгдүүлсэн боловч генераторууд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Тиймээс өнөөдөр ажиллаж буй нийт 8 зуухад өвлийн их ачааллын үед гэмтэл, доголдол гарсан тохиолдолд нөөцгүй, сэлгэн ажиллах боломжгүй бүх чадлаа шавхаж байгаа юм.
Харин “Нэмэлтээр 9 дэх зуухыг барьснаар генераторын нэмэгдсэн хүчин чадлаа бүрэн ашиглах, засвар үйлчилгээ хийх, эрсдэлийг бууруулах, уурын дутагдлыг хангах боломж бүрдэнэ” гэж Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс 500 тонн/ц хүчин чадал бүхий 9 дэх уурын зуухны төсөл дээр санхүүжилтийн эх үүсвэрийг судлан, боломжит хувилбарыг тодорхойлсон байна.
Төслийн үзүүлэх нөлөөлөл талаас тооцвол цахилгаан эрчим хүч 52 МВт буюу 25 000 айлыг цахилаан эрчим хүчээр, дулааны эрчим хүч 150 Гкал буюу 20 000 айлыг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Уг төсөл нь зөвхөн цахилгаан эрчим хүч бус дулаан үйлдвэрлэлд, оргил ачаалалд өндөр нөлөөлөл үзүүлэх юм. Түүнчлэн жилд 650 сая кВт/ц нэмэлтээр үйлдвэрлэх бөгөөд ингэснээр Диспетчерийн үндэсний төвийн эх үүсвэрүүдээс худалдан авах төлбөрийн тэнцэлд жилд 173.7 тэрбум төгрөгийн төлбөрийг хэмнэх боломжтой гэж үзжээ.