Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Ричард Буангантай уулзалт хийж, тус улс руу үйлдэх шууд нислэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр санал солилцлоо.
Тодруулбал, талууд өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-ны өдөр уулзаж, Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд санал солилцож, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцсон. Энэ хүрээнд өнөөдөр дахин уулзалт хийж, АНУ руу шууд нислэг үйлдэхтэй холбоотой бэлтгэл ажлын явц хийгээд, ирэх онд Холбооны нисэхийн захиргаанаас хийх аудит шалгалт, түүний бэлтгэл ажлыг хангах зарим асуудлаар ярилцлаа.
АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган “Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгийн бэлтгэл хангахтай холбоотойгоор хоёр талын ажлын хэсэг хүчин чармайлт гаргаж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллаж байгааг онцлоод, шууд нислэг үйлдэхтэй холбоотой асуудалд АНУ-ын талын байр суурь “бэлэн” байгаа” гэдгийг илэрхийллээ. Түүнчлэн тус ажлын хүрээнд боловсон хүчин бэлтгэх ажлыг ирэх 2024 оны эхний улиралд багтаан зохион байгуулж, нийт 16 хүнийг АНУ-д сургалтад хамруулахаар боллоо.