Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны дэргэдэх Санхүүгийн тогтвортой байдлын хүрээлэн (FSI) болон Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (АФИ)-ээс хамтран зохион байгуулсан “Санхүүгийн хүртээмжийг дижитал хөрөнгөөр дэмжих нь” сэдэвт хурал Швейцар Улсын Базель хотноо боллоо. Хуралд 43 орны 78 байгууллагыг төлөөлөн нийт 150 гаруй албан хаагч оролцож, виртуал хөрөнгө, стэйблкойн, төв банкны дижитал валютын олон улсын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үзүүлэх үр нөлөө, үүсэж болзошгүй эрсдэлүүдийн талаар хэлэлцжээ.
Энэ үеэр зохион байгуулсан “Виртуал хөрөнгийн бодлого, зохицуулалтын зөрүү: Эрсдэлийг бууруулах болон хүртээмжийг нэмэгдүүлэх” сэдэвт панел хэлэлцүүлэгт Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ), Санхүүгийн тогтвортой байдлын хүрээлэн (FSI), Олон улсын төлбөр тооцооны банк (BIS) болон Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Намиби Улсын Төв банкны төлөөлөл оролцож санал солилцлоо. Санхүүгийн зохицуулах хорооноос Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах хянан шалгагч Б.Цолмонтуяа оролцож, “ФАТФ-ын Зөвлөмж 15 (Шинэ технологи)-ын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлууд, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалтын орчин, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд виртуал хөрөнгийн ач холбогдол, эрсдэл” сэдвээр мэдээлэл өгөв.
ФАТФ-ын Зөвлөмж 15-ын шаардлагыг хангах нь олон улсын хэмжээнд тулгамдаж буй асуудал хэвээр байгаа ч Монгол Улс энэ чиглэлээр богино хугацаанд цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, бусад орнуудад сайн туршлага болохуйц амжилт үзүүлснийг энэ үеэр онцолж, баяр хүргэсэн юм.