Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг 1 их наяд 392 тэрбум төгрөгөөр барьсан. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газар, нийт Зэвсэгт хүчний найман анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Харин Улаанбаатар төмөр зам ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр оролцжээ. Хянан шалгах түр хорооны сонсголын шинжээчийн дүгнэснээр дээрх компаниудаас зургаа нь ашиг сонирхлын зөрчилтэй.
Тодруулбал:
- Болор болд зам ХХК-тай 5.07 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Тус компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь Б.Мэндсайхан. тэрбээр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү.
- Аржроуд ХХК-тай 2.9 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. Тус компанийг “Мон Арж зам” ХХК эзэмшиж байна. Удирдлага нь Г.Тэнгис гэх хүн бөгөөд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүүхэд.
- Монголзам групп ХХК-тай 24.8 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Удирдлага нь Г.Эрдэнэцогт. Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Ганибалтай холбогдоно.
- Эрдэнэзам ХХК-тай 7.1 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. Тус компанитай Бишрэлт Холдинг ХХК холбогдоно. Энэ нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарлын компани юм.
- Говь инфрастракчер ХХК-тай 13.2 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Говькапитал менежмент ХХК өмчлөгч нь бөгөөд удирдлага нь Ц.Баянзул. Тэрбээр СЯ-ны газрын дарга, дэд ажлын хэсгийн гишүүн Ц.Батзулын ах юм.
- Өвөрзалаат ХХК-тай 5.3 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. Удирдлага нь Ц.Ганцэцэг. Мөн Гүнбаялаг ХХК эзэмшигч нь. Ц.Туяа тус компанийг эзэмшдэг. Тэрбээр Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОАЖЯ-ны тнбд асан Ц.Цэнгэлийн хүүхэд юм.