Шатахуун хомсодсоноос орон нутаг дахь аяллын компаниуд тогтвортой үйл ажиллагаа явуулж, жуулчин тээвэрлэх боломжгүйд хүрчээ. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан энэхүү хүндрэл нь “Монголд зочлох жил” санаачилга болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогод сөргөөр нөлөөлж буйг тус салбарынхан дурдлаа.
Аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд “Нээлттэй Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус аймгийн “Гайхамшигт говь” холбооноос орон нутаг дахь шатахууны нөөц, хангамжийн мэдээллийг тур оператор компаниудад тогтмол хүргэж, хамтран ажиллаж эхэлжээ. Энэ нь говь руу аялахаар төлөвлөж буй хүмүүс, жуулчин тээвэрлэдэг компаниудад эрсдэлээс сэргийлэх чухал мэдээлэл, сайн жишиг болж байгааг иргэд онцлов.
Өчигдрийн байдлаар Өмнөговь аймаг дахь “Монсуль” ШТС-ын төв 80, хоёрдугаар салбар нь 60, “Газ ойл” 30 мянган төгрөгт бензин олгож байгааг дээрх холбооныхон мэдээлэв.