Дэлхийн стартап экосистемийн 2023 оны дэлгэрэнгүй тайланд Монгол Улс топ 100 улсад багтаж өмнөх онтой харьцуулахад 2 байраар урагшилж, 79-р байрт жагссан байна. Харин Улаанбаатар хот дэлхийн топ 450 хотод багтаж, 448 дугаар байрт бичигдсэн нь 2020 оноос хойш буюу сүүлийн 3 жилд 242 байраар урагшилсан үзүүлэлт юм. Ингэснээр Азидаа 14 -т, Төв Азийн бүсээс 5 дугаар байрт тус тус эрэмбэлэгджээ.
2023 оны тайлан мэдээлэлд “Монгол Улс COVID-19 тахал гарахаас өмнө дижитал шинэчлэлээ эхлүүлж байсан бол хямралын үеэр энэ үйл явц хурдассан. Үүний үр дүнд тус улс Эстони Улсын цахим засаглалын загварт нийцүүлэн E-Mongolia платформыг боловсруулжээ. Ийм шинэчлэл нь хүнд суртлыг багасгах, ил тод байдлыг сайжруулах, илүү хурдан үйлчилгээ үзүүлэхэд чиглэгддэг бөгөөд гарааны бизнест ч ашигтай байж болох юм. Хүн амын дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд тус хотод гарааны бизнесийг дэмжигч хэд хэдэн байгууллагууд нийслэлийн стартапын экосистемийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Тэдгээр байгууллагуудын нэг нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бизнес, инновацийн хөгжлийг дэмжих зорилготой НЗДТГ-ын Бизнес инновацийн газар юм. Өөр нэг оролцогч тал болох Startup Mongolia нь гарааны бизнест эх сурвалж, сүлжээний боломжуудыг санал болгож Монголын экосистемийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг ТББ юм. Мөн “Startup Week Ulaanbaatar” зэрэг арга хэмжээг зохион байгуулж байгаа нь экосистем төлөвшиж байгаагийн илрэл болно. Монголын стартапын экосистемд биет дэд бүтэц, санхүүгийн хүртээмжийн хувьд хэд хэдэн сорилт тулгарсан хэвээр байна. Юутай ч Монголын Засгийн газар бизнес эрхлэлтийн өсөлтийг идэвхтэй дэмжиж, инновацийг улс орны өсөлтийн томоохон хөдөлгүүр гэж нэн тэргүүнд тавьж байна” хэмээн онцолсон байна.
Жил бүрийн индексийн үзүүлэлтийг Израиль Улсын StartupBlink платформ дэлхийн гарааны бизнес эрхлэгчдийн экосистемийг хөгжүүлэх, хурдасгах зорилготой хамгийн өргөн хүрээтэй гарааны бизнес эрхлэгчдийн экосистемийн судалгааны төвөөс гаргадаг. Дэлхийн топ 100 улс, 1000 гаруй хотын гарааны компаниуд, тэднийг дэмжигч байгууллагуудын тоо, чанар, бизнесийн орчны өгөгдлүүдийг тусгай алгоритмын тусламжтай боловсруулан байр эзлүүлж олон улсад зарладаг бөгөөд Монгол Улс, Улаанбаатар хотын стартапын экосистемийн индексийг 2020 оноос эхлэн тодорхойлдог болжээ.
Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд БШУЯ-нд бүртгэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн дэргэд нийт 50 гарааны компани бүртгэлтэй байгаа бөгөөд харьяа хамтын оффис/технологи дамжуулах төвд 64 гарааны компани болон аж ахуйн нэгж инновацийн төслөө хэрэгжүүлж бойжиж байна. Бүртгэлтэй гарааны компани, хамтын оффис, технологи дамжуулах төвийн жагсаалтыг хавсралтаар нийтлэв.