"2023-2024 оны өвлийн ачааллын үед нэгдсэн сүлжээнд чадлын дутагдал үүссэн үед УБЦТС ТӨХК-нд хийх хязгаарлалтын график" хэмээн цахилгаан хязгаарлах хуваарь гарсан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Тус хуваарийн талаар холбогдох албанаас тодрууллаа. Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ (УБЦТС)-ний албаны эх сурвалж “Эрчим хүч хязгаарлах хуваарь гаргаагүй. Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэл нь худал мэдээлэл. Төлөвлөгөөт засварын ажил эсвэл гэнэтийн аваар ослын хязгаарлалтыг УБЦТС-нээс төлөвлөдөггүй. Системийн хэмжээний хязгаарлалтыг Диспетчерийн Үндэсний Төв зохицуулалт хийдэг” гэлээ.
ДҮТ-өөс тодруулахад Эрчим хүчний салбар өвлийн горимд шилжин, бүх станц бэлтгэл, нөөц тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа хүнд нөхцөлд ажиллаж байна.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд чадлын дутагдал үүсвэл найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үүднээс ачаалал хөнгөлөх хөтөлбөр гэж байдаг.
Хөнгөлөлт хийх зайлшгүй шаардлага үүсвэл түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудыг “Хэрэглэгчдэдээ урьдчилан мэдээллэж, тодорхой цагуудад тодорхой хэмжээний ачаалал хөнгөлөх талаар чиглэл өгч, техникийн нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг” гэв.
Иргэнээс тодруулахад “Хан-Уул дүүргийн 15-р хороонд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд 18.30-19.30 цагийн хооронд хуваарийн дагуу тог тасаллаа” гэв. СӨХ-д нь хязгаарлалтын дагуу тасалж байна, гэсэн мэдээлэл өгсөн аж.