Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз барьж буй гэнэ. Уг бааз нь автобусны дулаан зогсоол, авто угаалга, засварын төв, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний болон удирдлагын нэгдсэн төвтэй байхаар төлөвлөжээ. Гүйцэтгэгчээр “Улз буянт пропертиз” компанийнхан ажиллаж буй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Төлөвлөсөн ажлуудаас нь 110 автобусны дулаан гараашийг энэ онд багтаан ашиглалтад оруулах гэнэ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт орчимд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазыг барьж байгаа аж. Харамсалтай нь, уг ажил удаашралтай гэнэ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат үүний талаар “Тус авто баазын барилгын ажлыг 2018 оноос эхлүүлсэн, 11 аж ахуйн нэгж хуваан гүйцэтгэж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд хоорондын уялдаа холбоогүй байдлаас шалтгаалж ажил удааширсан. Эхний ээлжид буюу энэ онд багтаан 55 автобусны гараашийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх онд үлдсэн 55 автобусны гараашны ажлыг дуусгана. Гараашнаас гадна автобус угаалгын төв, засварын төв зэрэг объект барьж байгаа” гэв. Дээрх хоёр байршил дахь авто баазын ажлыг ирэх онд бүрэн дуусгахыг тэрбээр онцоллоо.