УИХ-аас байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь шат үргэлжилж байна. Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, нүүрсний гэрээний үнийг хэрхэн тогтоосон талаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбоотойгоор есөн хүнийг гэрчээр дуудсаны нэг нь тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг бөгөөд түүнийг сонсголд оролцохыг шүүхээс зөвшөөрөөгүй гэнэ.
“Эрдэнэс Тавантолгой” нь 2011 оны аравдугаар сараас өнгөрсөн арваннэгдүгээр сар хүртэл 113.1 сая тонн нүүрс борлуулж, 7.5 тэрбум ам.доллар буюу 20.2 их наяд төгрөгийн орлоготой ажиллажээ. Ингэхдээ 2011-2015 онд “Чалко трейдинг Хонконг”-той байгуулсан гэрээ, 2015-2017 онд ТУЗ, 2017-2020 онд нээлттэй сонгон шалгаруулалт, 2020-2022 онд олон улсын таван индексийн үзүүлэлт, 2023 оноос биржээр үнийг тогтоосон байна. Тухайлбал, 2015-2016 онд суурь үнийг 32.6 ам.доллароор тогтоож, улирал тутам тусгай индексийн дагуу шинэчилж байсан бол 2017-2020 онд “Эрдэнэс Тавантолгой”-гоос сонгон шалгаруулалт зарлахдаа доод үнийг нь тодорхойлдог байсныг шинжээч хэлэв.
Ингэхдээ Ганцмодны боомт дахь коксжих нүүрсний үнээс татвар, тээврийн зардлыг хасаж тооцдог байж. 2020 онд 63.4, 2021 онд 74.6 ам.доллароор тогтоосон байна. Өнгөрсөн 12 жилийн хугацааны дундаж үнийг сар бүрээр тооцон “Эрдэнэс Тавантолгой”-гоос тогтоосон доод болон гэрээний үнэтэй харьцуулахад зөрүүтэй байсныг шинжээч дурдаад, дүн нь 826.4 сая ам.долларт хүрснийг онцлов. Өөрөөр хэлбэл, тус компаниас хамгийн доод үнэ гэж тогтоосноос багаар гэрээ хийснээс эл зөрүү үүссэн гэсэн үг. Тэрбээр үүнийг “алдагдсан боломж” хэмээн тодотгосон бөгөөд манай улсын нүүрсний нийт экспортын 27.4 хувийг “Эрдэнэс Тавантолгой” хийж буй аж.
Мөн Тавантолгойн уурхайгаас Цагаанхад дахь талбай хүртэл буюу 230 км-т нүүрс тээвэрлэх зардал нь тонн тутамд 10-14.2 ам.доллар байгаа бол Цагаанхаднаас Гашуунсухайтын боомт хүртэлх 20 км-ийн зайд эл зардал 28-121.8 ам.долларт хүрснийг шинжээч хэлэв. Түр хорооны дарга Б.Энхбаяр “Нүүрсний хулгай”, үнийн зөрүүнээс гадна Цагаанхаднаас Гашуунсухайт хүртэлх тээврийн зардлыг огцом нэмэгдүүлэх байдлаар ажилладаг нь анхаарал татаж байна” гэж байлаа. Сонсголын үйл явцаас тоймлон хүргэж байна.
Б.Энхбаяр (Хянаншалгах түр хорооны дарга): -2015 оныг хүртэл үнэ тогтоох ямар нэгэн аргачлалгүй байжээ. Гэтэл Ганцмодны боомт дахь үнэ 60-100, та бүхний байгуулсан гэрээний үнэ 30-50 ам.доллар байж. Яагаад ийм зөрүүтэй гэрээ хийсэн бэ?
Ч.Сайнбилэг (“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан): -2013 оны наймдугаар сард ТУЗ-ийн даргаар томилогдоход уурхайн үйл ажиллагаа маш хүнд байлаа. Хилээр гаргасан нүүрс болгоны төлбөр “Чалко трейдинг Хонконг”-оос авсан 300 сая ам.долларын зээлд төлдөг байсан. Компанийн үйл ажиллагаанд зарцуулах, хөрс хуулах ч мөнгөгүй шахам байлаа. ТУЗ-ийнхөн гэрээний үнийн талаар юу ч мэдэхгүй.
Я.Батсуурь (“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захираласан): -2012 оны аравдугаар сард эл албанд томилогдоход гэрээний үнэ нь 70 ам.доллар байсан ч ханш нь сар бүр уруудсан. Өөрөөр хэлбэл, “Чалко трейдинг Хонконг” гэрээний үнийг сар бүр тодорхойлохдоо Хятадын зах зээлийн гол индексүүдийг баримталж байна гэх нэрээр тогтмол бууруулж байсан. Ингээд нэг жилийн дараа гэхэд гэрээний үнэ 24 ам.долларт хүрсэн. Гэхдээ уурхайгаас Цагаанхад хүртэлх буюу уртын тээврийн үнэ 20 ам.долларт л багтдаг байсан. Богинын тээвэр буюу Цагаанхаднаас боомт хүртэлх тээврийн үнэ 10 ам.доллароос хэтэрдэггүй байсан юм. Ер нь уртын тээврийнхээсээ 3-4 дахин бага үнэтэй байсан зардал яагаад ингэж өссөнийг мэдэхгүй. Бид Цагаанхадны талбайд үйл ажиллагаа явуулахыг болиулж, зогсоосон. Ингээд шууд боомт руу тээвэрлэдэг болсноор зардлыг ихээхэн хэмнэж, бага ч болов ашигтай ажиллаж эхэлсэн. Гэвч Цагаанхадыг хаасныг хятадууд, Баяннуурынхан маш их эсэргүүцэж, урт дараалал үүсгэн, Монголоос нүүрс гаргахгүй гацааж байгаад санасандаа хүрсэн юм. Ер нь манайх Цагаанхад хүртэл тээвэрлэж буйгаас асар их алдагдал хүлээж, байгаль орчноо сүйтгүүлж байгаа. Ханбогдод газар авчихсан хятадууд л ашгийг нь хүртдэг.
Б.Батбилэг (“Эрдэнэс Тавантолгой”-н Борлуулалт, маркетинг, ложистикийн газрын захирал асан): -“Чалко трейдинг Хонконг”-той гэрээ байгуулах үед л нүүрсний үнийг тооцоход ямар индекс нь хэр жин эзлэх вэ гэдгийг тохироод, тусгачихсан байсан. Бидний хувьд үнэ тогтоогоод байсан зүйлгүй.
М.Батцэнд (“Эрдэнэс Тавантолгой”-н Борлуулалтын албаны дарга асан): -2013 оны аравдугаар сард энэ ажлыг авахад борлуулалт гэхээр зүйл байгаагүй. Хятадын талын сонирхлоор үнэ тогтож байгааг зохицуулах гэж олон удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй.
Б.Энхбаяр: -М.Батцэнд дарга аа, таныг ажиллаж эхлэх үеэс “Чалко трейдинг Хонконг”-оос өөр газруудад нүүрсээ зарах болсон. Тэр үед Ганцмодны боомтын үнэ 60-104 ам.долларт хэлбэлзэж байжээ. Гэтэл яагаад “Эрдэнэс Тавантолгой” 32-40 ам.доллароор борлуулах гэрээ хийж байсан бэ?
М.Батцэнд: -Тэр үед уурхайн амны үнэ буюу худалдан авагчийн хэлснээр л борлуулсан. Тухайн үед манай зах зээл уначихсан, хэцүү байсан учраас бид компани болгон руу бараг хадаг бариад очиж, борлуулах санал тавьж явсан. Өнөөдрийнх шиг өөрсдөө авъя, худалдаач гэж ханддаггүй, бид гуйдаг байсан шүү дээ.
Г.Ганболд (УИХ-ын гишүүн): -ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан хүн ийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. 2012 оны аравдугаар сард хилийн цаана нүүрсний үнэ 400 ам.долларт хүрч байхад манайд тогтоосон гэрээний үнэ буурсан байх жишээтэй. Яагаад үнээ хөдөлгөхгүй байсан бэ?
Б.Сэрикжан (“Эрдэнэс Тавантолгой”-н Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч): -2011 оны долоодугаар сараас ажиллаж байна. Би үнэ тогтоох эрхгүй. Зөвхөн үнийн тооцоолол хийдэг. Г.Ганболд гишүүнтэй санал нэг байна. Тухайн үед богинын тээврийн зардал өндөр болж, хилээр гарах машины тоо цөөрөөд байсан.
Б.Энхбаяр: -Та энэ компанийг байгуулагдсанаас хойш ажиллаж байгаа хүний хувьд 826.4 сая ам.долларын зөрүү гарсан гэх шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна уу?
Б.Сэрикжан: -Энэ тоог хэрхэн гаргаж ирснийг бодож үзлээ. Уурхайн амнаас нүүрс худалдах долоон гэрээг манай компани байгуулсан байна. Тэд нүүрсийг арай хөнгөлөлттэй үнээр авдаг. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” нийт 121 сая тонн нүүрс борлуулсан. Үүний 54 хувь буюу 65 сая тонныг эдгээр долоон компани худалдаж авсан. Эндээс л энэ үнийн зөрүү гарсан юм болов уу. Ийм зөрүү гарах ямар ч боломжгүй. Манайх зах зээлийн үнээр борлуулдаг.
Б.Энхбаяр: -Цагаанхаданд жолооч нар бослого гаргаад, хятад компаниудаас эсэргүүцэл илэрхийлж, зарим хүн өөрийгөө шатааж байсан шүү дээ. Энэ бүхний цаана өчигдөр (уржигдар) энд дуудагдсан компаниудын эзэд л бий. Цагаанхадны талбайг хаалгахгүйн тулд жолооч нарыг турхирч, төр лүү дайруулчхаад ард нь хамгийн их ашиг олж байгаа хүмүүс бол тэд. Гаалийн байгууллагынхантай холбогдож, татвараас зайлсхийн “цавчаа” хийдэг бүлэг ил болж байгаа нь энэ сонсголын ач холбогдол юм. Тээврийн компаниудын боссууд, гаалийн мафи хоёр тал талдаа ялгарч байна. Жолооч нар үнэнээ л хэлж байна лээ шүү дээ гэв.
Дараа нь “Чалко трейдинг Хонконг”-той байгуулсан гэрээний талаар ярьж, тухайн үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Д.Зоригт, Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт нарыг гэрчээр оролцуулж, тайлбар сонссон юм.