Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 1.5 сая литр шатахууныг таван томоохон компанийн шатахуун түгээх станцуудаар түгээжээ. Улсын хэмжээнд сардаа 60 мянган тонн АИ-92 хэрэглэдгээс Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээ 50 орчим хувийг нь эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нийслэлд АИ-92 шатахууны хэрэглээ өндөр бол орон нутагт дизель түлшний хэрэглээ илүү байдаг.
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой доголдол үүссэн учраас баруун таван аймагт дизель түлшний хомсдол бий болсон. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд зудын эрсдэлтэй аймгуудыг шатахуунаар хангахад онцгойлон анхаарч байна. Харин АИ-92-ыг улсын хэмжээнд 60 суманд хязгаарлалттай олгож байгаа бол бусад сумдад нийлүүлэлт жигдэрчээ.
АИ-92 шатахууны хангамжийг тогтворжуулах хүрээнд 2023 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас 51 мянган тонн энгийн, 5000 тонн евро-5, бусад нийлүүлэгчдээс 15 мянган тонныг захиалжээ. Ингэснээр нийт 71 мянган тонн АИ-92 захиалснаас 33 518 тонн нь нийлүүлэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын үйлдвэрүүдээс ачигдан манай улс руу төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт 411 вагон буюу 24 660 тонн АИ-92 байгаагаас Наушки өртөөнд 120 вагон буюу 7200 тонн бий. Энэ нь манай улсын 12 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун юм. Түүнчлэн дотоодод төмөр замын өртөөд болон агуулахын зам дээр нийт 94 вагон буюу 5640 тонн шатахуун байна. Үнийн хувьд гол нийлүүлэгч Роснефть компани болон манай импортлогч нэгжүүд хооронд АИ-92 шатахууныг 2024 онд үргэлжлүүлэн тогтвортой үнээр нийлүүлэхээр тохиролцжээ. Тиймээс үнийн хувьд өөрчлөлт орохгүй гэдгийг АМГТГ-аас онцоллоо.
Харин дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хангамжийг тогтворжуулах хүрээнд энэ сард Роснефть компаниас 72 мянга, тус улсын бусад компаниудаас 40 мянган тонн, үүн дээр нэмээд БНХАУ-аас 31 500 тонныг захиалжээ. Нийтдээ ОХУ, БНХАУ-аас арванхоёрдугаар сард 133 500 тонн дизель түлш импортлохоор ажиллаж байна. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 78 129 тонн дизель түлш нийлүүлэгджээ.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын төмөр зам дээр 363 вагон буюу 21 780 тонн дизель түлш, БНХАУ-ын төмөр зам дээр 45 вагон буюу 2520 тонн, хилийн цаана нийт 408 вагон буюу 24 300 тонн дизель түлш тээвэрлэгдэн ирж байгаа нь манай улсын найм хоногийн хэрэглээ юм.
Үүнээс гадна ОХУ-аас хилээр орж ирээд агуулах дээр буух гэж байгаа 173 вагон буюу 10 380 тонн дизель түлш бий. Нийт хилийн гадна болон дотоодод татан авалт хийхээр хүлээгдэж байгаа 34 620 тонн дизель түлш байна. Энэ нь манай 12 хоногийн хэрэглээний нөөц юм.