Хурх, Хүйтэний байгалийн нөөц газар болон БНХАУ-ын Поян нуурын үндэсний байгалийн нөөц газар стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хоёр газар нь цэн, цагаан тогоруу зэрэг дэлхийд ховорт тооцогддог олон зүйлийн усны шувуу нутагладаг, экологийн өндөр ач холбогдолтой бүс юм. Дэлхий дахинд тархсан цэн тогорууны популяцын ихэнх нь өмнөд хөршийн эл нуур орчимд өвөлждөг бол тэдгээрийн дийлэнх нь урин дулаан цагт Монгол орны зүүн хойд бүс, Хурх, Хүйтэний хөндийд нутагладаг байна.
Талууд энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан судалгаа, мониторингийг эрчимжүүлэх, тогорууны нүүдлийн зам дагуух бүсэд олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах, судлаач, мэргэжилтнүүдийг туршлага солилцуулах, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг дарга, холбогдох сумуудын удирдлагатай байгуулсан гэрээний дагуу Хурх, Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын менежмент, хамгааллын асуудлыг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв цаашид хариуцан ажиллахаар болсон гэнэ. Ташрамд дурдахад, Поян нуурт өвөлждөг олон зүйлийн жигүүртнийг харахаар дэлхийн өнцөг булан бүрээс судлаач, мэргэжилтэн, шувуу сонирхогч, жуулчин олноороо зорьж очдогтой холбоотойгоор тус хэсгийг хариуцсан захиргаанаас хоёр жилд нэг удаа усны шувуудын баяр зохион байгуулдаг аж.