Монгол Улсын эрчим хүчний системийн ачаалал энэ сарын 11-17-нд буюу өмнөх долоо хоногийн хугацаанд хамгийн ихдээ 14-ний 19.00 цагт 1589 МВт-д хүрчээ. Тэгвэл импорт хамгийн ихдээ өнгөрсөн ням гарагт 307 МВт-д хүрсэн тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос өчигдөр мэдээллээ. Эргэн сануулахад, манай улсын эрчим хүчний оргил ачаалал 2022 оны нэгдүгээр сарын 24-нд өмнөх жилийнхээ мөн үеийнхээс 138 МВт-аар өсөж, 1474-т хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогдож байв. Тэгвэл 2023 онд эл түвшин шинэчлэгдсээр байгаа юм. Тодруулбал, энэ сарын 10-нд оргил ачаалал 1521, маргааш нь 1531, 13-нд 1547 МВт-д хүрсэн үзүүлэлт бий. Эрчим хүчний оргил ачаалал дээр дурдсанчлан 1589 МВт-д хүрснээр түүхэн дээд түвшнээ шинэчиллээ.