УИХ-аас байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь шат өчигдөр эхэллээ. Таван өдөр үргэлжлэх эл шатанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспорт, тээвэрлэлт, хөрөнгө оруулалт, санхүүжүүлсэн төслүүд болон тус компанид хийсэн шалгалтууд, үр дүнгийнх нь талаар хэлэлцэх юм. Эхний өдрийн сонсголоор
1. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” ХК-ийн тээвэр, нүүрсний экспорт
2. Нүүрс тээврийн С зөвшөөрөл
3. Гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудлын талаар ярилцахаар 128 гэрчийг дууджээ.
ТҮР ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ “БАЙЦААЛАА”
Нүүрсний хулгайн нийт дүнг 44 их наяд төгрөгөөр хэмжигдэнэ гэж мэдээлсэн УИХ-ын гишүүн Т.Доржханд, 440 их наяд хэмээн тооцсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг үндсэн сэдвээ хэлэлцэхээс өмнө “шүүв”. Гишүүн Т.Доржханд “Манай судлаачдын баг, олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс ингэж тооцоолсон. Тэдний мэргэжил, туршлага ямар байсныг хэлж мэдэхгүй нь. Энэ бол ямар ч мэдээлэлгүй байх үед, эдийн засгийн хэллэгээр төсөөлөл, магадлалын онолд үндэслэн гаргасан тоо. Тухайн үед талбай дээр жагссан хүмүүс нүүрсээр хэдэн төгрөг хулгайд алдчихаад байгааг асуусан шүү дээ. Тэдэнд хэлэх тоо хэрэгтэй байсан учраас тэр үед “нүүрсний” түр хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Г.Ганболд гишүүний ярианд үндэслэн тооцоо хийсэн. Шинжээчийн мэдээлэлтэй зөрөхийг үгүйсгэхгүй” гээд тооцооллоо дэлгэрэнгүй тайлбарласан юм. Харин гишүүн С.Ганбаатар “Хэвлэлээр мэдээлсэн тоог дурдсан” гэсэн бол түүний тайлбарыг тус түр хорооны дарга Б.Энхбаяр “Уянгын халил байжээ” хэмээн тодорхойлов. Тэд тус түр хорооны гишүүн бөгөөд гэрчийн хувиар тайлбар өгсөн нь энэ.
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ БАЙСАН, ЭСЭХИЙГ ЖОЛООЧ НАР МЭДЭХГҮЙ ГЭВ
“Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” ХК-ийн тээвэр, нүүрсний экспортын талаар танилцуулсан шинжээч пүүний мэдээлэл байхгүй болсныг хэлээд, олдсон баримтад тулгуурлан сүүлийн 10 жилд 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан гэж дүгнэжээ. Энэ нь таван тэрбум ам.доллартой дүйх аж. Шинжээчийн цуглуулсан баримт нь нийт мэдээллийн 25-30 хувь болохыг түр хорооны дарга тодотголоо. Гаалийн бүртгэлгүй гаргасан нүүрсийг компани, тээвэрлэсэн жолооч, автомашинаар нь ангилсан байна. Улмаар дээрх байдлаар хамгийн олон удаа тээвэрлэсэн 20 жолооч, 15 компанийн удирдлагыг сонсголд дууджээ. Мөн багтаамж, хүрэлцээтэй холбоотойгоор эхлээд компанийн удирдлагууд болон жолооч нарыг хамтад нь танхимд оруулсан юм. Гэхдээ жолооч нараас дөрөв нь л ирсэн байв.
Энэ үеэр гишүүн Г.Ганболд “УИХ-ын гишүүд хэвлэлээс харсан тоогоо ярьсан мэтээр хариуцлагагүй хандаж болохгүй. Хэлсэн, ярьснаас чинь болж хэдэн их наяд төгрөгөө “нүүрсний хулгай”-д алдчихсан юм шиг бие биеэ хардаж, төрд итгэх итгэлийг буурууллаа. Шинжээч сайн ажилласан байна. Уг нь хил, гаалийнхан энд хамт байж мэдээлэл өгөх ёстой. Учир нь энэ хоёр байгууллагын хооронд зөрчилтэй зүйлүүд бий. Миний хэлснийг эш болгосон гэж гишүүд ярина лээ. Гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар илэрсэн тоог би мэдээлсэн” гээд гэрчээр дуудагдсан компанийнхан, жолооч нараас тайлбар сонсохыг хүссэн юм. Үүнд “Жиасмон ложистик” компанийн жолооч Г.Эрхэмбаяр “Энэ компанид ажиллаад нэг жил, таван сар болж байна. Жолооч нар админ болон тээврийн ахлах мэргэжилтний заавраар ажилладаг. Яв гэвэл явж, зогс гэвэл зогсдог. Гаалийн бүрдүүлэлт байсан, эсэхийг мэдэхгүй. Шинжээчийн яриад байгаа зүйлийн талаар ямар ч мэдээлэл алга” хэмээн хариулав. Тэрбээр 18 334 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр 133 удаа хил давуулсан гэж шинжээч дурдсан юм. Сонсголд оролцсон жолооч Б.Лхагвасүрэн, Ч.Содовдорж, Б.Нямцэрэн нар ч түүнтэй адил хариулт өгч, нүүрс ачиж, буулгах талбайгаас зөвшөөрөлгүйгээр гарах ямар ч боломжгүйг учирлаж байлаа.
Шинжээчийн хэлснээр жолооч Мөнхжаргал хамгийн олон удаа буюу гурван компанийн нэрээр 450 удаагийн тээврээр 40 мянга орчим тонн нүүрс тээвэрлэж, хил гаргасан аж. Энэ үеэр “Жиасмон ложистик” компанийн дэд захирал Ц.Ариунболд “Манай жолооч нар “Эрдэнэс Тавантолгой”-н терминалаар, тухайн талбайгаас дундын тээврийн компаниар дамжуулан ачдаг байсан. Өөрөөр хэлбэл, манай машинуудын бүртгэлийг давхардуулан хийсэн юм шиг байна. Учир нь нэг жолооч 1-2 жилд энд дурдсан шиг 130-140 удаа хил гарах ямар ч боломжгүй. С зөвшөөрөлтэй жолооч сард 3-4 удаа л хил давдаг” гэсэн тайлбар хийж байлаа.
“МОНГОЛООС ГАРЛАА Ч ХЯТАДЫН ТАЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ”
Харин “Жиасмон ложистик”-ийн хувьцаа эзэмшигч Жао Ян “Манай компанийн 2600 гаруй машин гаалийн бүрдүүлэлт хийлгүйгээр нүүрс тээвэрлэсэн талаар дүгнэлтэд дурдсан байна. Хятадын гаалийн бүртгэлд бүх мэдээлэл нь бий. Монголоос бүртгүүлэлгүй гарлаа ч Хятадын тал хүлээж авахгүй. Мөн нүүрс тээврийн С зөвшөөрөл авах тоо нь хязгаартай байдаг” гээд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хоорондох Гаалийн мэдээллийг тулган батлах хэлэлцээрийн дагуу тухайн мэдээлэл нь нууц байдгийг түр хорооны дарга тодотгоно лээ. Түүнчлэн хамгийн их буюу 4236 удаа гаалийн бүрдүүлэлтгүйгээр тээвэр хийж, 520 мянга орчим тонн нүүрс гаргасан “Эко глобал” компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Т.Халиунаа “Бүрдүүлэлтгүй гаргасан гэх тоог анх удаа харж байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсаныхаа дараа хариулмаар байна. Ер нь гаалийн бүртгэлгүйгээр хил давуулах ямар ч боломжгүй. Жолооч нар хэдэн удаа тээвэр хийснийг компани бүртгэдэг” гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат жолооч нараас хэдэн төгрөгийн цалин авдгийг нь асууж, компаниудын эцсийн өмчлөгч хэн болохыг тодруулаад Монголын гааль, хил гээд хяналт тавих үүрэгтэй байгууллагууд хангалтгүй ажилласан гэж үзэж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн түр хорооны дарга Б.Энхбаяр “Жиасмон ложистик”-ийн дэд захирлаас “Танай компани 50 машинтай байлаа гэхэд хилээр гарах хамгийн эхний жолооч нь л гаалийн бүрдүүлэлт хийдэг үү” гэхэд Ц.Ариунболд “Үгүй, машин бүр, жолооч болгон нүүрс ачих, буулгах талбайд ажилладаг компаниар хийлгэдэг” гэв.
ЭХНЭР, НӨХӨР ХОЁР ГЭРЧЭЭР ОРОЛЦОВ
Үдээс хойших сонсголд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа эхнэр Ц.Амгалангийн хамт гэрчээр оролцов. Ц.Амгалан нь “Дэлгэрэх цагаан овоо”, “Эко глобал ложистикс”, “Алтан нууц”, “Цэцийгуа”, Хан сахиус”, “Аранзал алаг”, “ВВ транс”, “Шанхын хэц” зэрэг компанийн хувь эзэмшдэг аж. Эдгээр компаниар нэг сая гаруй тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэж шинжээч дүгнэсэн юм. Энэ талаар Б.Батдаваа “Сая танилцуулсан компаниудад би болон манай гэр бүлийн гишүүн хөрөнгө, хувьцаа эзэмшдэггүй. Эдгээр нь ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэх юм алга” хэмээн тайлбарласан бол Ц.Амгалан “Шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцаагүй, санал нийлэхгүй байна” гэж няцаалаа.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нарыг тээврийн компаниудтай холбоотойгоор гэрчээр дуудсан юм. Гишүүн А.Адъяасүрэн “Сүүлийн хоёр сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, бүх шатанд шийдвэр гаргаж буй. Та нарын гаргасан шийдвэрийг л бизнес эрхлэгчид дагаж байгаа. Эрх мэдэлтэй хүмүүс л хулгай хийдэг. Энэ хэрэгт холбогдуулан анх өндөр албан тушаалтай нэлээд олон хүнийг нэрлэсэн ч УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ бид хоёрыг үлдээгээд, Ш.Адьшаа гишүүнийг бас нэмчихлээ” гээд сөрөг хүчний гишүүдийнхээ нэр хүндийг харлуулахын тулд улс төрийн зорилгоор гэрч болгож байна гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хувьд зөвлөхийнхөө компанитай хамааралтайгаар дуудагдсан бол гишүүн Б.Баттөмөр гаалийн байгууллагыг удирдаж байсан тул тайлбар хийхээр гэрчээр оролцов.