“Дэлхийн ур чадвар-2024” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх оролцогчдыг шалгаруулах “Монгол ур чадвар-2023” тэмцээний ялагчдыг тодруулж дуусжээ. Олон улсын тэмцээний дүрмийн дагуу мужаан, сантехник, цахилгаан, график дизайн, гагнуур, CNC токарь, өрөг угсрагч, тогооч гэсэн найман төрөлд үндэсний нэг ялагчийг шалгаруулсан байна. Тэдгээрээс гурван төрөлд Барилгын политехник коллежийн оюутнууд эх орноо төлөөлөхөөр болжээ. Тухайлбал, CNC токарь төрөлд оюутан А.Нямбаяр, өрөг угсралтад Ш.Өсөхбаяр, сантехникийн хэд Ш.Мөнгөншагай нар ялагчаар тодров.
Өмнөговь аймаг дахь Политехник коллежийн оюутан М.Жаргалцэцэг график дизайны төрөлд, гагнуурынхад Б.Чухал тэргүүлсэн байна. Цахилгааны төрөлд Налайх дүүрэг дэх Политехник коллежийн оюутан Б.Хишигт, мужааныхад “Ховд хөгжил” политехник коллежийн Н.Буд, тогоочийнход Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн Ц.Тэмүүлэн нар шалгарчээ. Шилдгээр шалгарсан оролцогчид 2024 оны есдүгээр сард Франц улсад болох, 47 дахь удаагийн “Дэлхийн ур чадвар” тэмцээнд улсаа төлөөлөн оролцох юм байна.
Манай улс дотооддоо 2013 оноос хойш “Монгол ур чадвар” тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж буй аж. Энэ удаагийн тэмцээний эхний шат өнгөрсөн тавдугаар сард болсон бөгөөд 138 суралцагч ур чадвараа сорьжээ. Хоёр дахь шат нь өнгөрсөн аравдугаар сард болж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын17 байгууллагын 41 суралцагч өрсөлдсөн гэнэ. Сүүлийн буюу гуравдугаар шат нь өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн юм.
Ташрамд дурдахад, манай улс 2015 оноос “Дэлхийн ур чадвар” олон улсын тэмцээнд оролцож эхэлжээ. Ингэхдээ 2017, 2019 онд гагнуурын төрөлд шилдэг оролцогчийн шагнал хүртсэн. Өнгөрсөн жил өрөг угсралт мэргэжлийн тэмцээнд Барилгын политехник коллежийн эксперт багш Л.Эрдэнэчулуун, суралцагч О.Наранбаатар нар шилдэг оролцогчоор шалгарч байв.
Бэлтгэсэн: М.Оч