Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин болон Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн өчигдөр ял шийтгэл ногдууллаа.
Б.Баттүвшин нь дээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.5 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ зээл авах шаардлага хангаагүй байхад 2014 оны аравдугаар сард Төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаанаар хэлэлцүүлж, “Монгол фермер” төслийг хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг “Онгиболд” ХХК-ийн “Голомт” банкан дахь дансанд шилжүүлэн өгчээ. Улмаар уг зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон юм. Өөрөөр хэлбэл, Б.Баттүвшин аавынхаа эзэмшлийн “Эрдэнэбулган” гэх ХХК-ийн ажилтан Х.Түмэнгийн нэр дээр “Онгиболд” компаниас мөнгийг нь шилжүүлэн авсан байдаг. Уг мөнгөөрөө Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт барьсан барилгын 11 дүгээр давхарт 1.1 тэрбум төгрөгөөр 386.3 ам метр талбайн эзэн болсон аж.
Харин үлдсэн мөнгөнөөсөө Ш.Эрдэнэболдод 123, Х.Түмэнд 40 сая гэх зэргээр шилжүүлснийг нь мөнгө угаасан үйлдэл гэж үзсэн. Тиймээс НПГ-аас Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Баттүвшин, Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарыг цагаатгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эвээр нь баталсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрсөн прокурорууд Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэнээр өнгөрсөн гуравдугаар сард хянаад, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм.
Түүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрсний дараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан хэлэлцээд Б.Баттүвшинг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, 20 сая төгрөг гаргуулж, дээрх санд олгуулах, нийтийн албанд ажиллах эрхийг оёр жил хасан, 5.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Мөн гэмт хэргийн улмаас ЖДҮХС-д учирсан 1.1 тэрбум гаруй төгрөгийг иргэний хариуцагч буюу “Онгиболд”, “Эрдэнэбулган” ХХК-иас гаргуулахаар болсон байна. Харин Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарын мөнгө угаасан үйлдлийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн аж.
Бэлтгэсэн: Г.Орчлон