2023 онд Замын-Үүд - Эрээн боомтоор нэг өдөрт дунджаар 8870 иргэн зорчиж буйг Xinhua агентлаг мэдээлжээ. Энэ нь Монгол, Хятадын хамгийн том боомтоор 10 секунт тутамд нэг зорчигч нэвтэрч түүхэн дээд түвшинд хүрснийг онцолсон байна. Замын-Үүд-Эрээний боомтоор зорчих иргэдийн тоо он гарснаас хойш эрс нэмэгдэж, эхний 11 сарын байдлаар нийт 1.33 сая хүн тус боомтоор зорчжээ. Мөн энэ хугацаанд нийт 169,000 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.
Арванхоёрдугаар сарын 16-наас Замын-Үүд автозамын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг эхлүүлжээ. Хоёр долоо хоногийн туршилт амжилттай болсон тохиолдолд цаашид тогтмолжуулах юм. Мөн зорчигч тээврийн хил нэвтрэх хугацааг уртасгах чиглэлээр ЗТХЯ-наас БНХАУ-тай санал солилцож байгаа аж.