Өнөөдөр (2023.12.08) Нийслэлийн Ардчилсан намаас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардаж мэдэгдэл хүргүүллээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Монгол Улс хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэн ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээ Үндсэн хуулиараа тунхагласан хуульт засаглалтай улс билээ. Гэтэл Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь амьдардаг. Эдийн засгийн 90 гаруй хувь нь эргэлддэг нийслэл хотын даргаар Х.Нямбаатар 66 хоногийн хугацаанд ажиллахдаа хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан, хязгаарласан хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн маш ноцтой шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
- Х.Нямбаатар нь Нийслэлийн Засаг даргаар томилогдсон зургаан хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль гэсэн гоё нэртэй боловч иргэний өмчлөлийн эрхэнд шууд халдсан, иргэдийн орлогыг боомилж хэтэвчийг нь нимгэлэн дансыг нь хоослох зорилго бүхий хуулийг санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр УИХ дахь МАН-аараа батлуулсан. Энэхүү хуулийн үр дагаварт иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эзэмшсэн 0.7 га газар нь иргэн өөрөө хүсээгүй байхад бусдын шийдвэр, сонголтын үндсэн дээр хураагдах нөхцөл бүрдэж, мөн хоёр төрлийн татвар, төлбөр нэмэгдүүлэх, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгагдсан байгаа нь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдаж байна.
- Х.Нямбаатар нь Нийслэлийн Засаг даргаар томлигдон 53 хоногийн хугацаанд хотын татварыг хоёр хувь болгон нэмсэн. Аж ахуй нэгж, албан байгууллагуудын татварын дарамтыг нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагааг хаан боогдуулах, иргэдэд хүрч байгаа үйлчилгээний өртөг нэмэгдэж, айл өрхийн амьжиргаа, санхүүд дарамт болох шийдвэр гаргалаа. Нийслэлийн 2024 оны төсвийг 1.9 их наяд төгрөг байхаар баталж түүний 93 хувийг татварын орлогоор бүрдүүлж, татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг нэмж, чадваргүй, данхар хулгай үүрлэсэн төрийн бодлогоор санхүүжүүлэх гэж байна.
- Х.Нямбаатар нь Нийслэлийн Засаг даргаар томилогдоод 65 дахь хоногтоо А/1829 захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар зарим арга хэмжээ аван тухай захирамжлахдаа 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 31-ныг дуустал автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж тэгш, сондгойгоор явуулах болсон нь нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, автобусны парк шинэчлэлийн хөдөлгөөнийг МАН-ын өмнөх дарга нар хулгайлсан ийм нөхцөлд нийслэлчүүдийг гадаа -30 градус хүйтэрч байхад хувийн тээврийн хэрэгслээрээ зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байна.
- Энэхүү захирамжлалд иргэн бүр тэгш эрхтэй байх ардчилсан нийгмийн суурь зарчмыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Захирамжийн нэгийн хоёр дахь хэсэгт тодорхой байгууллага, салбаруудыг тэгш, сондгой хязгаарлалтад хамруулахгүй байх тухай тусгасан нийгмийн тэгш байдлыг алдагдуулах, тэгш бус байдлыг нэмэгдүүлэх үндэслэл мөн юм. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний суурь эрхэд ноцтойгоор халдсан гэж үзэн дараах хоёр шаардлагыг гаргаж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Нэгдүгээрт, Х.Нямбаатарыг нийслэлчүүдийн хуулиар олгогдсон олон эрхэд бүдүүлгээр халдсан явдалдаа уучлалт гуйж А/1429 дахь захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа 65.1.2 дахь заалт “Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн тус хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу Засаг даргад хариуцлага тооцох, Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг хуулийн хүрээнд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид уриалах, гарын үсэг цуглуулах, цаашлаад Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг огцруулах шаардлагыг хүргүүлж ажиллах болно гэдгийг мэдэгдэж байна” гэв.