Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны эхний 11 сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Өнгөрсөн сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 35.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үед дээрх тоо 27.3 их наяд байснаас өссөн үзүүлэлт юм. Дээрх хугацаанд нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 26.9 их наядад хүрсэн нь өмнөх сарынхаасаа 516 тэрбум, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 их наядаар илүү гэсэн үг. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.4, чанаргүй зээл 2.2 их наядыг нь эзэлсэн байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 23.3 их наяд төгрөг болсон бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 86.7 хувийг эзэлжээ. Төгрөгийн хадгаламж арваннэгдүгээр сарын эцэст 15.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаасаа 524.8 тэрбум, 2022 оны мөн үеийнхээс 3.6 их наядаар өссөн аж. Ийм хадгаламжийн 13.6 их наяд нь иргэдийн, 2.3 их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагынх гэнэ.
Тэгвэл валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаасаа 43.3 тэрбум төгрөгөөр буурч, 2022 оны мөн үеийнхээс 142.7 тэрбумаар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 5.9 (37.6 хувь), тэнцвэржүүлсэн орлого тусламжийнх 20.7 их наяд болж, 6.3 их наядаар (43.6) өсжээ. Татварын орлого 19.2 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.2 их наядаар илүү юм. Үүнд орлогын албан татварынх 2.5, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.8 их наяд, нийгмийн даатгалын орлого 795, нэмэгдсэн өртгийн албан татвар 719.5 тэрбумаар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Харин онцгой албан татвар 63.7 тэрбумаар буурсан гэнэ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийхээс 8.6 (46.3 хувь) их наядаар өссөнийг мөн дурдлаа. Уул уурхайн олборлолт 6.6 (52.1 хувь), боловсруулах үйлдвэрлэл 1.6 (35.8) их наядаар нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлөв.