Урд хөршөөс импортолж буй “Евро-5” стандартын дизелийн түлшийг “Петростар” нийслэл дэх 21, “Шунхлай” 18 шатахуун түгээх станцдаа (ШТС) хязгаарлалтгүйгээр литрийг нь 4290, “Сан петролиум” компани “Лавай” захын хажуу тал дахь ШТС-даа 4200 төгрөгөөр худалдаж байгаа талаар УУХҮЯ-наас мэдээлжээ. Мөн “Шунхлай” дээрх стандартын АИ-92 бензинийг нийслэл дэх 13 ШТС-даа литрийг нь 2940 төгрөгөөр борлуулж байгаа гэв. Өдгөө АИ-92 шатахууныг литрийг нь 2390, АИ-95-ыг 3910, дизелийн түлшийг 3890 төгрөгөөр борлуулж буй. Тэгвэл “Евро-5” стандартын дизелийн түлш, АИ-92-ыг дээрхээс илүү үнээр зарж байгаа нь энэ. Мөн бензин хомсодсоноос шалтгаалж энэ сарын 9-нөөс эхлэн ШТС-уудын гадаа урт дараалал үүссэн нь өдгөө ч хэвээр байна. Энэ талаар нэгэн жолооч “Авто замын түгжрэл маш их байна. Түгжирсээр ШТС-д очиход ер бензин зарахгүй юм. Зарж байгаа хэд нь дараалал ихтэй, АИ-92 алга, АИ-95 л бий гэж байна. АИ-95 нь чанар муутай юм шиг санагдсан. Сая 13.30 цагт (өчигдөр) Гурвалжингийн гүүрний урд байрлах “Шунхлай” ШТС-д очиход “92, 95 дууссан” гэсэн бичиг хадчихсан байсан” гэв.
Түүнчлэн тэрбээр 16.00 цагт “Драгон” төвийн орчимд байрладаг “Шунхлай”, XXI хорооллын урд тал дахь депогийн ойролцоох “Магнай трейд”-ийн ШТС гээд гурван ч газарт очиход бүгд бензингүй гэлээ” хэмээн ярив. Мөн өөр нэг жолооч “Баянзүрхийн товчооноос зүүн тийш байрладаг “Магнай трейд”-ийн ШТС-ын түгээгч өнгөрсөн баасан гаргийн орой бензин байхгүй гээд 10 гаруй жолоочийг явуулсан атлаа дараагийн хүнд нь зарсан. Ингэж ялгаварлаж болохгүй шүү дээ” хэмээлээ. Түүнчлэн жолооч нар олон нийтийн сүлжээнд “Машины шар гэрэл асчихлаа. Бензинийг дараалал багатай өгч буй ШТС манай хотхоны ойролцоо байна уу”, “АИ-92-ыг 30 мянгад л өгч байна” гэх мэтчилэн бичжээ. Өнгөрсөн аравдугаар сарын эхнээс хойш үүссэн шатахууны хомсдол, хязгаарлалтыг өдий болтол шийдэж чадаагүй нь эндээс харагдаж буй. Эргэн сануулахад, манай улс энэ сард БНХАУ-аас 31.5 мянган тонн дизелийн түлш авахаар гэрээ байгуулсан тухай салбарын сайд мэдээлж байсан юм. Ингэхдээ урд хөршөөс тонныг нь 1097, ОХУ-аас 855 ам.доллароор авахаар болсон гэж байв.
Бэлтгэсэн: Ц.Ундрал