Өчигдөр ням гараг буюу амралтын өдөр байлаа. Гэтэл эл өдөр дарга нар гэнэт ухаан орсон мэт хэд хэдэн хачин шийдвэр гаргаснаа танилцуулсан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарав. Юуны өмнө манай орны нийт нутгаар хүйтэрсэн, мөн томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбоотойгоор 1-5 дугаар ангийнхныг цахимаар хичээллүүлэхээр болсныг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдэв. Ингэснээр бага ангийнхан өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл цахимаар хичээллэхээр болжээ. Харин дунд, ахлах ангийнхны тухайд энэ сарын 25-28-нд буюу ирэх долоо хоногт цахимаар хичээллээд, амрах нь. Монголд анх удаа өвөл болж, хүйтэрч, ханиад, томуу гарсан мэт гэнэт ийнхүү шийдсэний учрыг иргэд ойлгохгүй байгаа юм.
Учир нь цахимаар хичээллэх бэлтгэлийг аль аль талдаа огт хангаагүй байтал өнөөдрөөс шууд л эхлүүл гэв. Цар тахлын үед манай улс бараг хоёр жил цахим сургалт явуулсан нэр зүүсэн. Харамсалтай нь, тухайн үед хүүхдүүдийн 60 хүрэхтэй, үгүйтэй хувь нь л уг хичээлд хамрагдсан байдаг. Гэхдээ энэ бол албаныхны гаргасан тооцоо гэдгийг санах хэрэгтэй. Бодит байдалд ийм үр дүнд хүрсэн, эсэх нь ч эргэлзээтэй бөгөөд цахим хичээл үзэх компьютер, гар утасгүй, датагүй хүүхэд олон бий. Дарга нар нийслэлийн гэр хороолол, хөдөөний алслагдсан бүс нутгуудаар яваад үзвэл цахимаар хичээлээ үзэх нь байтугай идэх хоолгүй, дулаацах түлшгүй айл олон байгааг харах болно. Товчхондоо, цахим хичээл бол Монголын хувьд ор нэрийн төдий зүйл гэсэн үг. Эцэст нь хүүхдүүд л хохироод үлдэнэ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ийнхүү хүүхдүүдийн боловсролоор “тоглох” шийдвэр гаргасны дараа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бүр ч гайхам мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах болсныг тэрбээр мэдэгдсэн. Эл зохицуулалтыг ирэх оны хоёрдугаар сарын 1 хүртэл буюу түүхэнд байгаагүй удаан хугацаагаар мөрдөх гэнэ. Хүүхдүүдийг цахимаар хичээллүүлбэл түгжрэл буурна. Гэтэл үүн дээр нэмж дугаарын хязгаарлалт яагаад хийхээр болсны учрыг л иргэд ойлгохгүй, гайхаж ядан байна. Улмаар түгжрэл, шатахууны хомсдолыг шийдэж чадаагүй эрх баригчид автомашинуудын тал хувийг нь автоматаар зогсоох шийдвэр гаргалаа хэмээн хардахад хүрлээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хүйтний эрч эрс чангарлаа. Бас өдөр бүр шахам цас нэмэгдэн орж буйгаас халтиргаа гулгаа, түгжрэл дийлдэхээ больсон. Мөн шатахуун хомсодсоны улмаас түгээх станцуудын дараалал хэдэн өдөр дамнан үргэлжилсээр буй. Энэ мэт “эмзэг” асуудлуудыг аль болох удаан үргэлжлүүлэхгүй, улмаар сонгууль болтол нэр цэвэр үлдэхийн тулд л эрх баригчид иргэдийнхээ эрхэд халдаж, хүүхдүүдийг золиослоход хүрлээ гэдгээс өөр гаргалгаа дээрх шийдвэрүүдээс харагдахгүй байна.
Бэлтгэсэн: М.Оч