"Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ" ТББ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хурлын үеэр 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ баталсан. Уг хуулийг батлахдаа дагалдуулан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг нууцаар баталсан гэдгийг анхаарууллаа.
"Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ" ТББ-ын тэргүүн Б.Баярмаа "Хуулийн хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад энэ хууль байхгүй байсан. Газрын тухай хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хуулийн ард нуун батлуулах гэж хэд хэдэн удаа оролдсон. Долдугаар сарын 7-нд Хөрөнгө оруулалтын тухай хуульд гаднынханд 100 жилийн хугацаатайгаар зарах тухай заалт оруулж ирээд баригдан буцаагдсан удаатай. Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан хуулийн ард Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон гэр хорооллын газрыг орон сууцжуулах, газар зохион байгуулалтад оруулах зэрэг иргэдийн газартай холбоотой эрхийг нь хязгаарласан, зөрчсөн заалтууд байна. Энэ талаар хуулийн төслийг өргөн барьсан цагаас эхлэн хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлсэн боловч хуулийг баталсан. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль нь Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль зэрэг олон хуультай зөрчилтэй, давхардсан нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул хэрэгжихэд хэцүү. Иргэдэд ойлгомжгүй, газрын харилцааг зохицуулахаасаа илүүтэй маргалдаан бий болгосон, эрх ашиг сонирхлын зөрчлийг дэвэргэсэн, нийгмийг тогтворгүй байдалд хүргэх хууль байгаа юм.Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн зарим хэсэгт хориг тавихыг шаардаж байна" гэдгийг онцоллоо.
Хуульч И.Түвшинжаргал "Хуулийн Гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг эсэргүүцэж байна. Монгол Улсад 2013 оноос хэрэгжиж эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг үйл ажиллагаатай одоогийн хуулийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагаа нь давхцаж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх талаар хэд хэдэн хууль мөрдөгдөж байгаа. Гэтэл эдгээртэй ижилхэн зохицуулалтуудыг давхардуулж баталсан хууль гарч ирлээ.Үүнээс гадна Газрын тухай хууль, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуультай давхардал, зөрчил үүсэхээр байгаа учир эсэргүүцэж байна. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана" гэлээ.